Энэ намар “Барс” худалдааны төвийн хойно байрлах Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн газарт ухалт хийгдэж эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан. Уг газар нь “УБТЗ” ХНН-ийн өмч бөгөөд иргэдийн дунд үүссэн асуултад тус байгууллагын Хуулийн албаны орлогч дарга П.Ариунболд дараах тайлбарыг өгчээ.
Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд “Барс худалдааны төв” орчмын түгжрэлийг бууруулах, автомашины зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд амарч зугаалах орчин бүрдүүлэх зорилготой ногоон байгууламжтай газар доорх зогсоолын төсөл хэрэгжиж эхэлсэн байна.
Энэхүү санаачилгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэвшүүлж, “УБТЗ” ХНН дэмжин хамтран ажиллаж байгаа аж.
Төслийн гол үзүүлэлтүүд
Төсөл нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 153 дугаар тогтоолын дагуу “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн нэг хэсэг юм.
- Гүйцэтгэгч байгууллага: “Тэргүүн чансаа” ХХК
- Зогсоолын багтаамж: 737 автомашин
- Зогсоолын хэлбэр: Газар доорх, газрын түвшнээс дээш гаргахгүйгээр барина
- Төсөл дуусах хугацаа: 2027 он
Зургийн дагуу уг байгууламж нь Урт цагааны гудамжны тохижилттой төстэй, дээрээ ногоон байгууламж, амралт зугаалгын талбайтай орчныг бүрдүүлэх юм.
Нийгмийн ач холбогдол
Өмнө нь энэ хэсэгт жижиг хэмжээний ногоон байгууламж байсан ч автомашины зогсоолын хүрэлцээ муу, ойр орчмын худалдаа үйлчилгээ, орон сууцны иргэдэд хүндрэл үүсгэдэг байжээ. Шинэ төслийн хүрээнд зогсоолын тоог нэмэгдүүлснээр:
- Тээврийн түгжрэлийг бууруулах,
- Орон нутгийн иргэдэд илүү таатай орчин бүрдүүлэх,
- Нийслэлийн хот төлөвлөлтийн бодлогыг дэмжих давуу талтай гэж үзэж байна.
“УБТЗ” ХНН-ийн зүгээс энэхүү төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин хэрэгжүүлж байгаа гэдгийг П.Ариунболд онцолсон байна.
