Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар Трам” төслийг төр болон хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлэх бүрэн шинжилгээний ажил эхэлжээ.
Энэхүү төсөл нь Зунжин худалдааны төвөөс хотын төв рүү, мөн Яармаг чиглэлд нийт хоёр шугамаар трам нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Шинэ тээврийн системийн гол зорилго нь хотын төвийн автомашины ачааллыг бууруулж, нийтийн тээврийг илүү хурдан, орчин үеийн шийдэлтэй болгох юм.
Хувийн хэвшлийн оролцоо
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 22.4-т заасны дагуу 2025 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 29-ний хооронд зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулалтын санал хүлээн авах үйл ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд уг хугацаанд дөрвөн хувийн хэвшлийн байгууллага оролцох санал ирүүлээд байна.
Бүрэн шинжилгээний гол зорилго нь төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь эдийн засгийн хувьд улсад болон татвар төлөгчдөд өгөөжтэй эсэхийг тодорхойлох юм. Үүнд:
- Хувийн хэвшлийн хөрөнгө, дэвшилтэт технологи ашиглах
- Төслийг илүү түргэн, үр ашигтай, чанартай хэрэгжүүлэх
- Нийтийн тээврийн шинэ дэд бүтцийг төрийн төсвийн дарамтгүйгээр байгуулах боломж багтана.
Шинжилгээний дүн гарсны дараа “Улаанбаатар Трам” төслийн сонгон шалгаруулалтын албан ёсны шат эхэлнэ.
“Улаанбаатар Трам” төсөл нь нийтийн тээврийн шинэ соёл, технологийн шийдлийг богино хугацаанд хэрэгжүүлэх стратегийн чухал алхам гэж үзэж байна. Энэ нь хотын хөдөлгөөний ачааллыг бууруулж, агаарын чанарт эерэг нөлөө үзүүлэх урт хугацааны шийдэл болох юм.
