2026 онд барилгын ажил эхэлж, баруун бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулна
Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай байдлыг хангах зорилгоор “Дулааны V цахилгаан станц” төслийг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү шинэ станц ашиглалтад орсноор 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангах боломж бүрдэх юм.
НИТХ-аас өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг нийслэлийн Засаг даргад олгосон бөгөөд уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Станц нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 26 га талбайд баригдаж, 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлэх бөгөөд ингэснээр нийслэлийн баруун бүс — Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3–4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын 40 мянган айл дулаанаар хангагдана.
2030 онд эрчим хүчний дутагдал 55 хувьд хүрэх эрсдэлтэй
НЗДТГ-ын мэдээлснээр, Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 3328 МВт-д хүрч, 55 хувийн чадлын дутагдалд орох эрсдэл үүсэж байна. Эрчим хүчний хангамжийг шийдвэрлээгүй тохиолдолд дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалт, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх тул шинэ станцын бүтээн байгуулалт стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Шинэ цахилгаан станц ашиглалтад орсноор агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний үнийг тогтворжуулах, дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх давуу талтай гэж холбогдох албаныхан онцолж байна.
