Улаанбаатар хотод түгжрэлийг багасгах зорилготойгоор нийслэлээс авто замын бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Хотын үндсэн гудамж замууд хэт их ачаалалтай байгаа бөгөөд замын сүлжээ нь төв рүү чиглэхдээ Энхтайваны өргөн чөлөө зэрэг гол замууд руу төвлөрч, түгжрэл үүсгэдэг тул төвийг тойрсон шинэ гол замыг барихаар төлөвлөсөн нь “Шинэ тойрог зам” төсөл юм.
Уг төсөл “Нэгдүгээр тойрог зам”, “Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Эдгээрийн нэг болох “Нэгдүгээр тойрог зам” төслийн 24.7 км урттай замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барилга угсралтын ажлын тендерийг 2025 оны есдүгээр сарын 11-нд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас EPC+F нөхцөлөөр зарлажээ. Одоо тендерийн материалыг хүлээн авч байгаа бөгөөд сонирхсон талуудад гурван удаагийн тодруулга мэдээллийг албан ёсоор өгөөд байна. Тендерийг нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар шийдвэрлэх аж.
Судалгаа ба хүлээгдэж буй үр дүн
НТУГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн алба болон төслийн гүйцэтгэгч “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК-ийн хамтарсан судалгаанаас үзэхэд, уг төсөл 2030 онд хэрэгжвэл Улаанбаатар хотын замын түгжрэл дунджаар 19–20 хувиар буурах тооцоотой байна.
Тухайлбал, гол гудамж замуудын ачаалал буурах тооцоолол дараах байдалтай:
- Их тойруу, Нарны зам зэрэг замын ачаалал 10–20 хувь;
- Москвагийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг замын ачаалал 20–40 хувь;
- Ажилчны гудамжны ачаалал 40 гаруй хувиар.