2017 онд МАН дотооддоо 32:33-ын бүлэг болон хуваагдаж, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулсан билээ. Түүний оронд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудалд суусан ч ЖДҮ-ийн хэрэгт холбогдон огцрох дээрээ тулсан. Тухайн үед ердөө 11 гишүүнтэй Ардчилсан намынхан МАН-ын Засгийн газрын хувь заяаг шийдэх гол түлхүүр болсон. Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед У.Хүрэлсүхтэй тохиролцож, Ж.Батзандан, Д.Мурат, Лу.Болд нарыг урвуулснаар Засгийн газрыг авч үлдсэн гэдэг. Харин эдгээр гурван гишүүн улмаар улс төрийн тавцангаас бүр мөсөн арчигдсан түүхтэй.
Өнөөдөр үүнтэй төстэй үйл явдал дахин өрнөж байна. 100 гаруй хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсан МАН-ынхан энэ удаад Г.Занданшатарын Засгийн газрыг унагахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Х.Булгантуяа гишүүний бланкан дээр зурагдсан уг бичигт 30-40 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд, огцруулах саналын тоо 70-80 хүрсэн гэх яриа улс төрийн хүрээнд тархаад байна.
АН-ын дотоод зөрчил ба шийдвэрийн цаг
Ардчилсан намын 42 гишүүний гурваас бусад нь Г.Занданшатарыг огцруулах дээр санал нэгдсэн аж. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Х.Тэмүүжингийн буудлагын төвд болсон уулзалтаар АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, О.Амгаланбаатар нарын гурван гишүүн түүнийг огцруулахын эсрэг байр суурь илэрхийлжээ. Намын дарга нь У.Хүрэлсүхийн хүн гэгддэг Г.Занданшатарыг өмөөрч үг хэлснээр бусад гишүүдийн дургүйцлийг төрүүлж, тэднийг Ж.Батзандан, Д.Мурат, Лу.Болд нарын “урвагчийн хойд дүр” хэмээн тодотгож эхэлсэн байна.
Энэ нөхцөлд Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин мэт харагдаж, бие даасан шийдвэр гаргах эсэх нь улс төрийн хамгийн том асуулт болжээ. Учир нь 2017 онд гурван гишүүний урвалтаас болж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэж, улмаар 2020 оны сонгуулиар “сүнсгүй ялагдал” амссан гашуун сургамж тэдэнд бий. Энэ удаад АН өнгөрснөө давтах уу, эсвэл Г.Занданшатарын Засгийн газрыг унагаж, 2027-2028 оны сонгуульд хүчтэй тоглогч болох уу гэдэг шийдвэрийн өмнө ирээд байна.