2025 оны наймдугаар сард Монгол Улсын нийт нутагт агаарын дундаж температур олон жилийн дунджаас (ОЖД) дулаан байх төлөвтэй байна. Ялангуяа баруун аймгуудын нутгаар илүү халуун байх бол говийн аймгуудын зүүн өмнөд хэсэгт хур тунадас ОЖД-аас ахиу, баруун аймгуудад бага орох хүлээлттэй байна.
Нийт нутгаар халуун, хуурайшилт ихсэх хандлага ажиглагдаж байгаа тул иргэдийг аялал, зугаалгаар явахдаа ой, хээрийн түймрээс сэрэмжлэх, мөн үер, мөндөр, нөөлөг салхи зэрэг байгалийн гамшгаас болгоомжлохыг анхааруулж байна. Цаг тухай бүртээ нарийвчилсан цаг агаарын мэдээг авч, дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Баруун аймгууд:
- Температур: Агаарын дундаж температур ОЖД-аас дулаан байна.
- 1-р болон 3-р арав хоногийн дунд үеэс хойш ОЖД-аас 0.5–1.5°C-аар сэрүүн.
- 2-р арав хоног болон 3-р арав хоногийн эхэнд ОЖД-аас 1–3°C-аар дулаан, зарим үед өдөртөө 30°C-ыг давж халах боломжтой.
- Хур тунадас: Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх нутаг, Завханы баруун хэсгээр ОЖД-аас бага, бусад хэсгээр дунджийн орчим. 1-р арав хоногийн дунд үед ихэнх нутгаар бороо, зарим газарт дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Төвийн аймгууд:
- Температур: Нийт нутгаар ОЖД-аас дулаан.
- 1-р болон 3-р арав хоногийн сүүлчээр ОЖД-аас 0.5–1.5°C-аар сэрүүн.
- 2-р болон 3-р арав хоногийн эхэн хагаст ОЖД-аас 1–3°C-аар дулаан.
- Хур тунадас: ОЖД-ийн орчим. 1-р болон 2-р арав хоногийн эхэнд бороо, зарим газарт дуу цахилгаантай аадар бороо орж, салхи түр зуур ширүүсэх боломжтой.
Зүүн аймгууд:
- Температур: Нийт нутгаар дулаан.
- 1-р арав хоногийн сүүл, 3-р арав хоногийн дунд хэсэгт ОЖД-аас сэрүүн.
- 1-р арав хоногийн дунд, 2-р арав хоногийн дунд ба сүүл, 3-р арав хоногийн эхэнд ОЖД-аас дулаан.
- Хур тунадас: ОЖД-ийн орчим. 1-р болон 2-р арав хоногийн эхэн ба сүүлчээр бороо, зарим газарт дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи ажиглагдах магадлалтай.
Говийн аймгууд:
- Температур: Нийт нутгаар дулаан.
- 1-р болон 3-р арав хоногийн сүүлчээр ОЖД-аас сэрүүн.
- 1-р арав хоногийн дунд, 2-р болон 3-р арав хоногийн эхэнд ОЖД-аас дулаан.
- Хур тунадас: Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад хэсгээр дунджийн орчим. 1-р болон 2-р арав хоногийн ихэнх хугацаанд дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи ширүүсэх боломжтой.