Ням, 7 сар 27, 2025
HomeСпортТусгай олимпын бүсийн хурал Улаанбаатарт болж байна

Тусгай олимпын бүсийн хурал Улаанбаатарт болж байна

Олон улсын тусгай олимпын хорооны бүсийн хурал энэ долоо хоногт Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээнд тус байгууллагын тэргүүн Мэри Дэвис болон бүсийн захирлууд оролцож буй бөгөөд тэд Улаанбаатарт ирээд байгаа юм.

Хурлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Олон улсын тусгай олимпын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр: “Засгийн газар тусгай олимпыг бүх талаар дэмжин ажиллана. Боловсрол, спорт, нийгмийн бүх түвшинд хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээ илэрхийлье” хэмээн мэдэгдэв.

Монголын тусгай олимпын хорооны тэргүүн С.Оюун энэ үеэр онцлохдоо, өмнө нь тусгай хэрэгцээт хүүхдүүдийг тэмцээнд бэлдэх боломж хомс байсныг дурдав. Харин тусгай олимпын хөдөлгөөнд нэгдсэнээр энэ байдал өөрчлөгдөж, бие бялдар, оюун ухааны хөгжилд эерэг нөлөө үзүүлээд буйг тэмдэглэв. Мөн Засгийн газрын дэмжлэг нь энэхүү ахиц дэвшилд чухал түлхэц болсон гэв.

Тусгай олимпын хорооны тэргүүн Мэри Дэвис Монголын Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа: “Манай үйл ажиллагааг дэмжин хүлээн авч байгаад талархал илэрхийлье. Тусгай олимпын хороо 1968 онд АНУ-д байгуулагдсан бөгөөд өнөөдөр 175 улс гишүүнээр нэгдээд байна. Бид зөвхөн тамирчдыг бэлтгэхээс гадна тэдний авьяас, чадварыг олон нийтэд ойлгуулж, таниулахыг зорьдог” хэмээн хэллээ.

Тусгай олимп нь бие бялдарын хөгжил, нийгмийн ойлголт, тэгш оролцоог дэмжих олон улсын томоохон хөдөлгөөн бөгөөд энэ удаагийн бүсийн хурал нь Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд