Оросын армийн зүгээс Украины нийслэл Киев болон түүний ойролцоох бүсүүд рүү шөнө дунд дрон, крылат пуужин, баллистик зэвсгийн цогц довтолгоо явуулсны улмаас олон хүн амиа алдаж, шархадсан талаар Mongolnews24.com украин эх сурвалжуудыг иш татан мэдээллээ.
Киев хотын цэргийн захиргааны дарга Тимур Ткаченкогийн мэдээлснээр, довтолгооны үеэр ОХУ нийт 175 дрон, 14 крылат пуужин (түүнээс 2 нь баллистик) ашигласан байна. Довтолгооны гол бай нь орон сууцны байр, иргэний дэд бүтцийн байгууламжууд байсан бөгөөд Киевийн зүүн ба баруун захад гал гарч, агаарын чанар мууджээ.
Киевийн хотын дарга Виталий Кличко мэдэгдэхдээ: “40 гаруй иргэнийг эмнэлэгт хүргэсэн. Нийт гэмтэж бэртсэн хүний тоо 55-аас давсан.” Хожим нь яамны мэдээллийг шинэчилж, 44 хүн шархадсан, довтолгоо 27 өөр байршилд болсон гэдгийг нэмж тодруулсан.
Соломенскийн дүүрэгт 62 настай АНУ-ын иргэн амь насаа алдсан байна. Тэрбээр эмч нар бусад шархадсан хүмүүст тусламж үзүүлж байсан байрны гадаа нас барсан хэмээн мэдээлжээ.
Киевийн Агаарын Тээврийн Институтийн дотуур байрнууд мөн хохирчээ. Түр орлон гүйцэтгэгч захирал Ксения Семёнова: “Оюутнууд бүгд амьд байна. Зарим нь хөнгөн шарх авсан. Ихэнх нь довтолгооны үед газар доорх хоргодох байранд байсан.”
Аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг хайсаар байгаа бөгөөд нас барсан хүний тоо нэмэгдэх магадлал өндөр байна.