Даваа, 6 сар 9, 2025
HomeЭдийн засагБээжин-Улаанбаатарын галт тэрэгний хөдөлгөөн 5 жилийн дараа сэргэв

Бээжин-Улаанбаатарын галт тэрэгний хөдөлгөөн 5 жилийн дараа сэргэв

Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23-р галт тэрэг цар тахлын улмаас таван жилийн турш зогсонги байдалд орсны дараа анхны аяллаа амжилттай хийж, өчигдөр 14:35 цагт Улаанбаатар өртөөнд хүрэлцэн ирлээ.

Уг галт тэрэг нь БНХАУ-ын “Хятадын төмөр замууд” корпорацын Бээжингийн салбараас хариуцан ажиллуулдаг бөгөөд анх 1985 оны тавдугаар сард анхны аяллаа хийж, хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болон хөгжиж ирсэн түүхтэй.

Шинэчилсэн тээврийн хуваарийн дагуу:

  • Бээжингээс Улаанбаатар луу явах 23-р галт тэрэг долоо хоног бүрийн мягмар гарагт хөдөлж, лхагва гарагийн 14:35 цагт Улаанбаатарт ирнэ.
  • Улаанбаатараас Бээжин лүү чиглэх 24-р галт тэрэг пүрэв гарагийн 07:18 цагт хөдлөн, баасан гарагийн 14:35 цагт Бээжинд хүрнэ.

Тус галт тэрэг нь энгийн купе болон люкс зэрэглэлтэй, ая тухтай, орчин үеийн тоноглол бүхий вагонуудтай.

Дашрамд дурдахад, БНХАУ нийт зургаан улстай зорчигчийн галт тэрэгний сүлжээг хадгалж байдаг. Цар тахлын дараахан эхлүүлсэн олон улсын тээврийн чиглэлүүдээс Монгол Улс Лаосын дараа хоёр дахь улс болж, тээврийн сүлжээгээ сэргээсэн байна.

2023 онд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирлын урилгаар БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд олон улсын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, зорчигч тээврийг сэргээх, ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг тохиролцож, ийнхүү бодитоор хэрэгжүүлж эхлээд байна.

Бээжин-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн сэргэснээр өмнө нь сэргээгдсэн Улаанбаатар-Эрээн, Улаанбаатар-Хөх хот чиглэлүүдийн хамт Хятадын талтай бүх олон улсын зорчигч тээврийн чиглэлүүд бүрэн хэмжээнд сэргэсэн болж байна.

Холбоотой нийтлэлүүд

1 COMMENT

  1. Сайн мэдээ! Аялал одоо өмнөхөөсөө илүү тухтай байх болно гэж найдаж байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд