2025 оны 6-р сарын 4-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн TruthSocial хуудсаараа дамжуулан АНУ-д нэвтрэх журамд эрс өөрчлөлт оруулснаа зарлав. Цагаачлалын шинэ хязгаарлалтыг танилцуулсан мэдэгдэл мөн Цагаан ордны албан ёсны вэбсайт дээр нийтлэгджээ.
Бүрэн хоригтой улсууд:
АНУ-д иргэд нь бүрэн хориглосон 12 улс:
- Афганистан
- Мьянмар
- Чад
- Бүгд Найрамдах Конго
- Экваторын Гвиней
- Эритрей
- Гаити
- Иран
- Ливи
- Сомали
- Судан
- Йемен
Эдгээр улсуудын иргэд АНУ-д ирэх ямар ч төрлийн виз авах боломжгүй. Гэсэн хэдий ч хууль ёсны оршин суугчид болон хүчинтэй виз эзэмшигчдэд энэ хориг хамаарахгүй.
Хэсэгчилсэн хоригтой улсууд:
Дараах 7 орны иргэдэд зөвхөн зарим төрлийн виз олгохоос татгалзжээ:
- Бурунди
- Куба
- Лаос
- Сьерра-Леоне
- Того
- Туркменистан
- Венесуэл
Эдгээр иргэдэд зочны болон оюутны виз олгохгүй. Харин ажил, гэр бүлтэйгээ нэгдэх зэрэг зорилготой виз хэвээр үлдэнэ.
Шийдвэрийн шалтгаан
Трампын хэлснээр энэхүү шийдвэрийг гаргахад хүргэсэн гол шалтгаан нь Колорадо мужийн Боулдер хотод гарсан халдлага байв. АНУ-д хууль бусаар оршин сууж байсан Египетийн иргэн еврей идэвхтнүүдийн эсрэг галын бөмбөг шидэн “Палестинд эрх чөлөө!” хэмээн хашхирсан. 15 хүн шархадсан бөгөөд тэдний дунд Холоокост давсан өндөр настан байжээ.
“XXI зуунд бид олон удаа харийн этгээдүүд, хугацаа нь дууссан визтэй хүмүүсийн үйлдсэн халдлагыг харж байна” хэмээн Трамп мэдэгджээ. “Тэд хэдэн саяараа АНУ-д байна.”
Тэрээр Европт гарсан халдлагын жишээг дурдаж, “тэр байдал Америкт давтагдахыг зөвшөөрөхгүй” гэж онцолсон бөгөөд цаашид хоригийн жагсаалтад шинэ улсууд нэмж магадгүйг анхааруулжээ.
Өмнөх туршлага ба энэ удаагийн өөрчлөлт
Трамп ерөнхийлөгчөөр анх сонгогдсон үедээ мөн ижил төрлийн хориг гаргаж байсан. Тухайн үед Куба, Чад, Иран, Ливи, Хойд Солонгос, Сомали, Судан, Сири, Венесуэл болон Йемен улсууд хамрагдаж байв. Байден ерөнхийлөгч болсны дараа уг хоригийг цуцалсан.
Энэ удаад Хойд Солонгос, Сири улсууд ямар ч хоригт багтаагүй байна. “Миний эхний бүрэн эрхийн үед хэрэгжүүлсэн энэ арга хэмжээ маш амжилттай байсан. Бид олон халдлагыг урьдчилан сэргийлж чадсан” гэж Трамп нэмж хэлжээ.