Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр огцрохоо илэрхийлсэнтэй холбогдуулан Монголын улс төрд “Гүйцэтгэх засаглалын тамгыг хэн атгах вэ?” гэх асуулт онцлох сэдэв болжээ. Түүнийг огцроход хүргэсэн том шалтгаан бол түүний хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ болон “ялаа” гэх доромж үгний дараах нийгмийн бухимдал, эсэргүүцэл байлаа. МАН-ын Бага хурал энэ асуудлыг эцэслэж, хамтарсан Засгийн газрыг задлан, АН-ыг засгаас хөөсөн нь дараагийн Ерөнхий сайд хэн болох тухай хүлээлтийг улам тодотгож байна.
Дараагийн Ерөнхий сайдад нэр дэвших магадлал өндөртэй хүмүүс:
Д.Амарбаясгалан – Намын тогооноос Төрийн хойморт
Намын гал тогоог олон жилийн турш барьж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн даргатай хамтран ажилласан туршлагатай тэрээр УИХ-д анх удаа сонгогдсон ч улс төрийн хувьд Л.Оюун-Эрдэнээс ч илүү “архаг” тоглогч. Намын хойморт суух амбицаа нууж байгаагүй энэ эрхэм найзынхаа үлдээх гэж буй суудлыг өөрийн болгож ч мэднэ.
Н.Учрал – Ерөнхийлөгчийн хуурай дүү юү, эсвэл урвагч уу?
Түүнийг аль эртнээс “дараагийн Ерөнхий сайд” хэмээн нэрлэж ирсэн. Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүлээдэг ч сүүлийн үед түүний “урвалт” гэх хардлагын бай болсон. Женко.Баттулгатай сэмхэн хамтарсан гэх яриа ч улс төрийн хүрээнд түгж байгаа. Гэвч тэр өөрөө нээлттэй амьдралтай, өөрийгөө өмөөрөх, хариуцах чадвартай, залуу, эрч хүчтэй гэдгээрээ нэр дэвшигчдийн дунд ялгарч байна.
С.Амарсайхан – Шадар сайд гэх “шадаргүй” дүр
Олон жил дэд ерөнхий сайдын суудалд зүтгэсэн ч олон нийтийн итгэлийг хүлээж чадаагүй. Осол, зөрчил, шүүмжлэл дагуулсан салбаруудыг удирдсан ч нэг ч удаа хариуцлага хүлээгээгүй нь түүнд сөрөг оноо авчирна. Гэсэн ч түүний хувьд Ерөнхий сайд болох хүсэлтэй нь тодорхой. Гэвч “Оросын нөлөөтэй”, “Женко-гийн хүн” гэх хардлагууд түүнийг нам дотроо ч үл итгэх хандлагатай тулгаж байна.
Б.Жавхлан – Туршлагатай Сангийн сайд, гэхдээ…
Хамгийн олон жил Сангийн сайдаар ажилласан тэрбээр эдийн засгийн удирдлагад туршлага хуримтлуулсан. Гэвч түүнийг төсвийн сахилга батыг алдсан, төсвийн алдагдал нэмэгдүүлсэн гэж олон нийт, судлаачид шүүмжилдэг. У.Хүрэлсүхийн хамаатан гэх утгаар Ерөнхийлөгчөөс дэмжлэг авах боломж бий ч шийдвэрлэх нөлөө хүрэлцээтэй эсэх нь эргэлзээтэй.
Я.Содбаатар – Ерөнхийлөгчийн “итгэлт хүн”
У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хажуудаа хамгийн удаан “барьсан” хүн бол Я.Содбаатар. Улс төрийн гүйцэтгэл, холбоо хамаарлын хувьд Ерөнхийлөгчийн хамгийн “найдвартай” хүн гэж үздэг. Олон жил гал тогоонд явсан туршлагатай, намуудтай хэл амаа ололцох чадвартай, зангарагтай улстөрч. Хэрэв Ерөнхийлөгч өөрийн хүнээ энэ суудалд тавих бол хамгийн боломжит хувилбар нь тэр болж байна.
Эцэст нь хэлэхэд…
Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор өргөдлөө өгсөн тохиолдолд МАН Засгийн газрын тэргүүнээ шинээр тодруулах ёстой. Төрийн тэргүүн, намын бодлого, олон нийтийн хүлээлт, фракцуудын тохиролцоо гээд олон хүчин зүйл дараагийн Ерөнхий сайдыг тодорхойлох болно. Тамгыг хэн атгах вэ гэдэг асуултын хариулт өнөөдөр лавтайяа Монголын улс төрийн хамгийн “халуун” сэдэв болжээ.