Warner Bros. болон HBO компаниуд “Хаадын тоглоом” (Game of Thrones) ертөнцийн анхны бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлтийг 2029 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хийхээр төлөвлөлөө. “Хаадын тоглоом: Эйгоны эзлэн түрэмгийлэл” (Game of Thrones: Aegon’s Conquest) кино нь одоог хүртэл зөвхөн цуврал хэлбэрээр гарч байсан франчайзын анхны дэлгэцийн кино төсөл болох юм. Энэ талаар Variety хэвлэл мэдээллээ.
Киноны найруулагчаар “Долоон вант улсын баатар” (A Knight of the Seven Kingdoms) цувралын “Долоогийн шүүх” (Trial of Seven) ангийг найруулсан Оуэн Харрис ажиллах бол зохиолыг “Андор” цувралын зургаан ангийн зохиолч, “Хөзрийн байшин” (House of Cards)-ийг бүтээгч, “Оскар”-ын шагналд нэр дэвшигч Бо Уиллимон бичжээ.
Энэхүү кино нь “Луугийн байшин” (House of the Dragon) цувралын суурь болсон Жорж Р.Р. Мартины “Гал ба цус” (Fire & Blood) романаас сэдэвлэгдсэн бөгөөд “Хаадын тоглоом” эх цувралын үйл явдлаас ойролцоогоор 300 жилийн өмнө өөрийн эгч, дүү бөгөөд эхнэрүүд болох Висенья, Рейнис нарын хамт Вестеросыг эзлэн түрэмгийлэхийг удирдсан Таргариен угсааны анхны удирдагч I Эйгон Таргариены түүхийг өгүүлэх болно. Өмнө нь I Эйгон дэлгэцээр хэзээ ч гарч байгаагүй юм.
Жүжигчдийн бүрэлдэхүүний талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд кино бүтээх ажил хамгийн эхний шатандаа явж байгаа тул нээлт хүртэл бараг гурван жил дутуу байна. Энэ хооронд “Хаадын тоглоом”-ын шүтэн бишрэгчдийн хувьд уйдах зав гарахгүй: HBO аль хэдийн “Луугийн байшин” цувралын дөрөвдүгээр бүлгийг баталгаажуулсан бөгөөд “Долоон вант улсын баатар” цувралыг хоёрдугаар бүлгээр сунгаад байгаа билээ.
