Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг үүсэн байгуулагдсаныхаа 35 жилийн ойг угтан Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх “Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзиклийг бүтээж байна. Монгол болон Их Британийн мэргэжлийн уран бүтээлчдийн хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн “UG Palace”-т тоглогдож эхлэх юм.
Энэхүү бүтээл нь Монгол Улсад анх удаа олон улсын мюзиклийн үйлдвэрлэлийн стандарт, мэргэжлийн түвшинд хэрэгжиж байгаагаараа онцлогтой. Төслийн хүрээнд дүрийн сонгон шалгаруулалт, хөгжмийн найруулга, бүжиг дэглэлт, дуу болон тайзны техникийн шийдлийг олон улсын туршлагад үндэслэн боловсруулж байна.
Мөн Монголын театр, хөгжмийн салбарын уран бүтээлчдэд зориулсан мастер сургалтуудыг зохион байгуулж, мюзиклийн чиглэлээр мэргэшсэн шинэ үеийн залуусыг бэлтгэн хөгжүүлэхийг зорилго болгожээ.

Мюзиклийн онцлох шийдлүүд
Уг мюзиклийн гол ба туслах дүрүүдэд залуу уран бүтээлчид тоглож байгаа бөгөөд төслийн онцлогийг нэгтгэвэл:
- Урлагийн цогц нийлэмж: Жүжиглэлт, амьд хөгжим, дуу, бүжиг болон тайзны хөдөлгөөнийг нэгтгэсэн.
- Техникийн дэвшил: Гэрэлтүүлэг, дуугаралт болон тайзны орчин үеийн техникийн шийдлийг ашигласан.
- Олон улсын баг: Монгол болон Их Британийн туршлагатай уран бүтээлчид хамтран ажиллаж буй.
- Тоглох огноо, байршил: 2026 оны 11 дүгээр сарын 11-нээс “UG Palace”-т үзэгчдийн хүртээл болно.
