Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайх ажиллагаа эмгэнэлтэйгээр өндөрлөжээ. Цагдаагийн алба хаагчид охины цогцсыг өчигдөр /2026.08.14/ олсон байна.
Охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гарснаас хойш сураггүй болсон юм. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад 2026 оны наймдугаар сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн байна.
Хэрэгтэй холбогдуулан хөрш айлын хоёр хүнийг сэжигтнээр тооцож, цагдан хориод байгаа аж. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эрэн хайх ажиллагаанд оролцсон бүрэлдэхүүн:
- Аймгийн Онцгой байдлын газар;
- Зэвсэгт хүчний 123 дугаар анги;
- сумын мэргэжлийн анги;
- ар гэрийнхэн нийлсэн нийт 77 хүн;
- найман автомашин, гурван мотоцикл, нэг дрон, нэг эрэлч нохой.
Талийгаач охин тарвас хураах ажилд туслахаар хөрш айлын хүмүүстэй хамт явсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ нөхцөл байдлыг хууль хяналтын байгууллага шалгаж, хэргийн бодит шалтгаан, оролцоог тогтоохоор ажиллаж байна.
Мөн Ховд аймгийн төв талбайд иргэд 10 настай охины гэгээн дурсгалд зориулан зул өргөжээ. Олон нийт уг хэрэгт харамсаж буйгаа илэрхийлж, хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалд онцгой анхаарах шаардлагатайг хөндөж байна.

