“Бөгжний эзэн” трилогид Сэмвайз Гэмжигийн дүрийг бүтээсэн жүжигчин Шон Астин алдарт кинонууд гарсны дараа бага гонорар авсан тул байшингаа зарахаас өөр аргагүй болсон тухайгаа ярьжээ. Variety-ийн мэдээлснээр, тэрээр кинонууд дэлхийн хит болохоос өмнө бага төлбөртэй гэрээнд зөвшөөрсөн байна.
Астин энэ тухай The Guardian-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний хэлснээр, “Бөгжний эзэн” ийм их алдартай болж, өөрөө дэлхий даяар танигдана гэж огт төсөөлөөгүй аж.
“Мөнгө маш бага байсан”
“Би ийм хэмжээний танигдалт, анхааралд бэлэн байгаагүй. Надад ирж байсан анхаарал болон бидэнд байсан мөнгөний хооронд асар их зөрүү байсан. Мөнгө үнэхээр бага байсан! Үнэндээ би бүх трилогид маш бага гонорар тохирсон учраас байшингаа зарахаас өөр аргагүй болсон” гэж Астин ярьжээ.
Питер Жексоны 2001-2003 онд гарсан трилоги соёлын үзэгдэл болж, дэлхийн прокатаас ойролцоогоор 2.9 тэрбум ам.доллар олсон гэдгийг бодоход түүний үг фэнүүдийг гайхшруулж магадгүй.
Астин одоо санхүүгийн хүндрэлгүй гэж хэлсэн ч “Бөгжний эзэн” дэлгэцэнд гарч байх үед түүний нөхцөл байдал огт өөр байсан аж.
Бага гонорарын нэг шалтгаан нь Питер Жексон болон New Line Cinema студи гурван киног зэрэг авсантай холбоотой байжээ. Үүнээс болж жүжигчид эхний эсвэл хоёр дахь анги амжилттай болсны дараа гэрээгээ дахин хэлэлцэж, цалингаа нэмүүлэх боломжгүй болсон байна.
Өнгөрсөн жил Фродогийн дүрийг бүтээсэн Элайжа Вуд мөн жүжигчдийн гэрээний онцлогийн талаар ярьж байсан. Түүний хэлснээр, студи гурван киног нэг дор хийхээр шийдсэн нь санхүүгийн том эрсдэл байсан тул жүжигчдэд “тийм ч өндөр биш гонорар” санал болгосон аж.
“Бид нэг кино хийчихээд дараагийнх дээр гэрээгээ дахин байгуулаагүй учраас энэ нь насан туршдаа санаа зовохгүй амьдрах хэмжээний ашигтай түүх байгаагүй” гэж Вуд хэлжээ.
Гэхдээ тэр энэ төслийн өөр нэг давуу талыг онцолсон байна. “Давуу тал нь бид нэгэн зэрэг насан туршид маань хамт үлдэх зүйлсийн нэг хэсэг болохыг зөвшөөрсөн явдал байсан” гэж жүжигчин хэлжээ.
Шинэ төслүүдэд оролцвол нөхцөлөө өөрөөр харна
Шон Астин өмнө нь кино бүрээс ойролцоогоор 75 мянган ам.доллар авч, нийтдээ трилогиос 250 мянган ам.доллар орчим олсон гэж ярьж байсан. Харин Леголасын дүрийг бүтээсэн Орландо Блум 2019 онд гурван киноноос нийт 175 мянган ам.доллар л авсан гэж мэдэгдэж байжээ.
Одоо “Бөгжний эзэн” франшиз дахин том дэлгэцэнд эргэн ирэхээр бэлтгэж байна. Энди Серкис “Голлумын ан” кино дээр ажиллаж байгаа бөгөөд мөн Стивен Колберт хамтран зохиол бичиж буй өөр нэг кино хөгжүүлэлтийн шатанд явж байна.
Шон Астин шинэ төслүүдэд оролцох эсэх нь одоогоор батлагдаагүй. Гэхдээ жүжигчин энэ удаа санхүүгийн нөхцөлд илүү анхааралтай хандана гэдгээ ойлгуулжээ. Сэмвайзийн дүрдээ эргэн ирвэл илүү сайн гонорар шаардах эсэхийг асуухад Астин товчхон хариулсан байна.
“Мэдээж шүү дээ.”
