Барилгын хог цэвэрлэх нэрээр 15 настай хүүг авч яван, улмаар хүнд даацын хана нураалгасны улмаас амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарчээ. Осолдсон хүүгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан талаар албан ёсны мэдээлэл өглөө. Харамсалтай осол 2026 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагийн үед гарсан бөгөөд ажил олгогч компани хууль зөрчин хүүхдээр хүнд ажил хийлгэсэн байна.
Талийгаач хүүгийн эгчийн мэдээлж буйгаар, түүний дүү өмнө нь хэзээ ч ажил хийж байгаагүй бөгөөд бие муутай ээжийнхээ эм, тарианы мөнгийг олох зорилгоор анх удаа гарчээ. Хүүг хорооллын эцэст байрлах “Самшил” гэх зуучлалын компани барилгын хог цэвэрлүүлнэ гэж авч явсан ч, бодит байдал дээр хороололд байрлах “Ким Баб Чонгуг” хэмээх газар хүнд даацын хана нураалгасан байна. Улмаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас талийгаачийг “Тархин тус газраа хүнд даацаар цохиулаад газар дээрээ өөд болсон” гэх дүгнэлтийг ар гэрт нь танилцуулжээ.
Ар гэрийнхэн нь дээрх хоёр компанийн удирдлагуудтай уулзахад тэд хариуцлагаа бие бие рүүгээ түлхэж, туйлын ёс зүйгүй хандсан байна. Компаниудын төлөөлөл “Өмнө нь дөрөв, таван удаа иймэрхүү хэрэг гарч байсан” болон “Манайд ийм юм болж л байдаг. Байдаг л зүйл, хууль ёсоор явна” хэмээн хүйтэн хөндий хариулсан нь талийгаачийн ар гэрийнхнийг гомдолтойд хүргэжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг хэн нь өгөх ёстой байсан талаар хоёр аж ахуйн нэгж маргасаар байгаа аж.
Өмгөөлөгч П.Эрхэмбаяр Монгол Улсад хууль журам цаасан дээр батлагддаг ч амьдрал дээр хэрэгждэггүйг шүүмжлээд, салбарын сайдад шаардлага хүргүүлж байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү хүүгийн ар гэрт эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ, зуучлагч болон ажиллуулсан компаниуд хууль тогтоомжийг илтэд зөрчсөнийг онцоллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны A122 дугаар тушаалаар насанд хүрээгүй хүүхдээр барилга, үйлдвэрийн аюултай ажил хийлгэхийг хатуу хориглосон байдаг.
Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүүгийн зүгээс насанд хүрээгүй хүүхэд ажиллуулахад мөрдөх ёстой дараах үндсэн шаардлагуудыг санууллаа.
- Гуравласан гэрээ байгуулах: 18 нас хүрээгүй хүүхэд өөрөө бие даан шийдвэр гаргах чадваргүй тул эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй гарын үсэг бүхий гэрээг заавал байгуулна.
- Аюулгүй байдлыг хангах: Ажлын байранд хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй.
- Хориглосон ажлын жагсаалтыг мөрдөх: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А122 дугаар тушаалд заасан барилга, үйлдвэрийн аюултай ажлын байранд 13-15 насны болон насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахгүй байх.
Зуны улирал эхэлж, 10 жилийн сурагчид болон оюутнууд хөдөлмөр эрхлэх нь нэмэгдэж байгаа тул аж ахуйн нэгжүүд хариуцлагаа ухамсарлах шаардлагатайг албаныхан анхааруулав. Засгийн газрын зүгээс уг хэргийг хуулийн хүрээнд шуурхай, үнэн зөв шийдвэрлэхэд онцгой анхаарч, цаашид хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирохоос сэргийлж ажиллахаа мэдэгдлээ.
