Японд 15 хүртэлх насны хүүхдийн тоо дахин шинэчлэгдэж, түүхэн доод хэмжээндээ хүрлээ. Тавдугаар сарын 5-нд тохиодог “Хүүхдийн баяр”-ыг угтан Японы Захиргааны хэрэг, харилцаа холбооны яамнаас гаргасан статистик мэдээлэл үүнийг баталж байна.
Статистик мэдээллээс үзвэл, 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар тус улсад 15 хүртэлх насны 13.29 сая хүүхэд тоологдсон нь өмнөх оныхоос 350,000-аар цөөрсөн үзүүлэлт юм. Энэ нь 1950 оноос буюу статистик хөтөлж эхэлснээс хойших хамгийн бага тоо болж байна. Ийнхүү Японд хүүхдийн тоо 45 дахь жилдээ дараалан буурчээ.
Мөн нийт хүн амд эзлэх хүүхдийн хувь хэмжээ нэг жилийн дотор 0.3 нэгжээр буурч, 10.8% болсон нь мөн л антирекорд боллоо. 2025 оны төрөлтийн үзүүлэлт ч статистик бүртгэлийн түүхэн дэх хамгийн доод цэгтээ хүрэв. Тодруулбал, 2025 онд тус улсад оршин суугаа гадаадын иргэдийн хүүхдүүдийг оролцуулаад нийт 705,809 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 2.1%-иар буурсан үзүүлэлт бөгөөд төрөлт ийнхүү 10 дахь жилдээ дараалан буурч байна.
Японы хүн ам зүйн нөхцөл байдал Хүн ам, нийгмийн хамгааллын үндэсний хүрээлэнгийн (IPSS) өмнө нь гаргаж байсан таамгаас ч илүү дордож байна. Жишээлбэл, тус хүрээлэнгээс 2023 онд хийсэн дундаж таамгаар 2025 онд 749,000 хүүхэд төрнө гэж тооцоолж байжээ. Төрөлт ийнхүү эрчимтэй буурахын зэрэгцээ нийгэм хөгшрөх хандлага давамгайлж байгаа нь хөдөлмөрийн насны хүн ам цөөрч, ажиллах хүчний ноцтой хомсдолд орох гол шалтгаан болж байна.
