“Cloudwards” порталаас дэлхийн улс орнуудын цахим орчин дахь эрх чөлөөний байдалд шинжилгээ хийж, “Mapped: Internet Freedom by Country in 2026” шинэ чансааг танилцууллаа. Энэхүү тайланд дурдсанаар, дэлхий даяар засгийн газруудын зүгээс цахим орон зайд хяналт тогтоох оролдлого идэвхжиж байгаагийн улмаас интернэтийн эрх чөлөөний ерөнхий үзүүлэлтүүд буурах хандлагатай байгааг шинжээчид онцолжээ.
Уг жагсаалтад Монгол Улс 100 онооноос 74 оноо авч, дэлхийн 171 орноос 42 дугаар байрт бичигдсэн нь анхаарал татаж байна. Сонирхолтой нь, манай улс интернэтийн эрх чөлөөний үзүүлэлтээрээ ардчиллын өлгий гэгддэг АНУ (64 оноо), Их Британи (52 оноо) болон Өмнөд Солонгос (32 оноо) зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг ардаа орхижээ. Эдгээр улсуудад төрөөс цахим орчинд хяналт тогтоох, контентыг хязгаарлах оролдлого харьцангуй өндөр байгааг уг тоо баримт харуулж буй юм.
Интернэтийн эрх чөлөөгөөрөө тэргүүлж, хамгийн өндөр буюу 92 оноо авсан 11 улсыг жагсаавал:
- Бельги
- Коста-Рика
- Зүүн Тимор
- Шинэ Зеланд
- Дани
- Финланд
- Исланд
- Лихтенштейн
- Норвег
- Словак
- Суринам

Жагсаалтын хамгийн сүүлд Хойд Солонгос улс 0 оноотой бичигдсэн нь тус улсад цахим эрх чөлөө огт байхгүй бөгөөд зөвхөн дээд зиндааны элитүүд л интернэт ашигладаг болохыг илтгэж байна. Мөн ОХУ, Пакистан, Иран болон Хятад улсууд тус бүр 4 оноо авч, дэлхийн хамгийн их хязгаарлалттай орнуудын тоонд багтжээ. Ерөнхийдөө 20-иос доош оноо авсан “эрх чөлөөгүй” орнууд Ази, Африк болон Европын бүс нутагт төвлөрч байгааг шинжээчид дурдсан байна.
“Mapped: Internet Freedom by Country in 2026” чансааг гаргахдаа 100 онооны системийг ашиглаж, OONI Explorer платформ, Freedom House-ийн дүгнэлт, засгийн газрын албан ёсны мэдээлэл болон шүүхийн шийдвэрүүдийг үндэслэжээ. Үнэлгээ өгөхдөө иргэдийн улс төр, нийгмийн контент руу саадгүй нэвтрэх боломж, олон нийтийн сүлжээг чөлөөтэй ашиглах эрх болон VPN үйлчилгээний хүртээмж зэрэг гол шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.
