Баасан, 3 сар 13, 2026
HomeЭрүүл мэндЦогтцэций сумын Эрүүл мэндийн төв 30 мянга гаруй иргэнд үйлчилж байна

Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв 30 мянга гаруй иргэнд үйлчилж байна

Эрүүл мэндийн яамны Даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Отгонбаатар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Хүрэлбаатар болон холбогдох албаныхан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж, сумын ИТХ-ын дарга, Эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч ажилтнууд болон орон нутгийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, хүний нөөцийн нөхцөл байдал болон иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл авч, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.

Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв нийт 54 эмч, ажилтантай бөгөөд үүнд:

  • 16 их эмч
  • 15 сувилагч
  • 8 тусгай мэргэжилтэн, бага эмч
  • 15 туслах ажилтан

ажиллаж байна. Тус төв нь тойргийн дөрвөн сумын 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Эрүүл мэндийн төвийн барилга 2016 онд ашиглалтад орсон бөгөөд 2021 оноос эхлэн барилгын B1 давхарт усны нэвчилт үүссэн талаар тус төвийн дарга Ц.Баяржаргал мэдээлжээ. Орон нутгийн санхүүжилтээр гурван удаа засвар хийсэн боловч асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа аж.

Тус эмнэлэг нь дараах тасаг, нэгжүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

  • Дотор
  • Хүүхэд
  • Төрөх
  • Мэс засал
  • Халдварт
  • Хүлээн авах

Жилд дунджаар 23 мянга гаруй хүн амбулаториор үйлчлүүлдэг бөгөөд 40 гаруй мэс засал, 300 орчим осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн өнгөрсөн онд 1298 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч ажиллажээ.

Уулзалтын үеэр ЭМЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, эмч ажилтнуудын нийгмийн баталгаа, салбарын шинэчлэлийн талаар танилцуулж, орон нутгийн эмч, ажилтнуудын санал хүсэлтийг сонссон байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон холбогдох албаны хүмүүс маргааш Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажиллахаар төлөвлөжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд