Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Counter Strike 2” тоглоомын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны арванхоёрдугаар сард Монгол Улсад зохион байгуулна гэж мэдээлсэн. Гэвч цахим спортын хүрээнд “CS2” төрөлд албан ёсны “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” гэж нэрлэгддэг тэмцээн байдаггүй гэдгийг сонирхогчид онцолж байна.
Энэ тоглоомын хамгийн нэр хүндтэй тэмцээн нь “Major” бөгөөд зарим хэрэглэгч сайдын мэдэгдлийг уг тэмцээнийг андуурч хэлсэн байж магадгүй гэж тайлбарлажээ. Мөн зарим нь хэрэв үнэхээр шинэ тэмцээн зохион байгуулах бол “CS2” тоглоомын түүхэнд анхны ДАШТ-ыг Монголд хийхээр төлөвлөж байгаа байх гэсэн таамаг дэвшүүлж байна.
Хэрэв сайд “Major” тэмцээнийг ДАШТ гэж андуурсан бол энэ оны тэмцээнүүдийн байршил аль хэдийн тодорхой болсон. Тухайлбал:
- зургаадугаар сар – Германд
- арванхоёрдугаар сар – Сингапурт
Одоогоор тоглоомыг бүтээгч “Valve” компани “Major” тэмцээний хуваарьт өөрчлөлт орсон талаар мэдээлэл гаргаагүй байна. Мөн эдгээр тэмцээнийг хаана, ямар байгууллага зохион байгуулахыг “Valve” компани гурван жилийн өмнөөс сонгон шалгаруулж баталдаг тул товлосон байршлыг өөрчлөх магадлал бага гэж үзэж байна.
Зарим ажиглагчийн хувьд “Major” тэмцээн зохион байгуулах боломжгүй учраас “CS2”-ын шинэ хэлбэрийн ДАШТ нэртэй тэмцээн Монголд хийхээр төлөвлөсөн байж болзошгүй гэж тайлбарлаж байна. Гэвч Монгол Улс “CS2” тоглоомын “A Tier” буюу өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулахад шаардлагатай интернетийн хурд, сүлжээний тогтвортой байдлын шалгуурыг хангахгүй байгаа асуудал мөн яригдаж байна.
Учир нь Монголын интернетийн урсгал хоёр хөршөөр дамжин өнгөрдөг нь сүлжээ тасалдах, саатах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүний жишээ нь өнгөрсөн онд Монголд болсон “BLAST Rising Asia 2025 Season 2” тэмцээний финалын үеэр интернет тасарсны улмаас тоглолт хойшилсон тохиолдол гарсан явдал юм. Мөн зарим мэргэжлийн тамирчид тоглолтын тогтвортой орчин бүрдүүлэхийн тулд бэлтгэл сургуулилтаа гадаад улсад хийх шаардлагатай болдог талаар салбарынхан хэлдэг.
