Дүрслэх урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг болох Венецийн Биенналь 61 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Бүгд Найрамдах Итали улсад 2026 оны тавдугаар сарын 7-ноос арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөх уран бүтээлчдийн багийг албан ёсоор танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар 2022 оны 73 дугаар тогтоол-оор Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд монгол уран бүтээлчдийг төрийн дэмжлэгтэйгээр тогтмол оролцуулах шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэрийн хүрээнд оролцогчдыг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулжээ.
Сонгон шалгаруулалтын дүнд дараах уран бүтээлчид болон кураторын баг шалгарсан байна.
- Б.Номин
- Г.Гэрэлхүү
- Ё.Төгөлдөр
- Д.Дорждэрэм
- Куратор: Ц.Уранчимэг
- Ко-куратор: Томас Эллэр
Монголын баг энэ удаагийн биеннальд “Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоос” нэртэй үзэл баримтлалаар оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Уран бүтээлчид өөр өөрийн хэв маяг, уран бүтээлийн онцлогийг шингээсэн бүтээлүүдээ толилуулах бөгөөд танилцуулгын үеэр дээрх дөрвөн уран бүтээлчийн зарим бүтээлийг нийтэд дэлгэн үзүүлжээ.
Энэ удаагийн 61 дэх Венецийн олон улсын Биеналль нь “In Minor Keys” сэдвийн дор зохион байгуулагдах юм. Хөгжмийн нам гүм өнгө аяс илэрхийлдэг “minor key”-ээс санаа авсан уг сэдэв нь урлагийн дотоод мөн чанар, эмзэг мэдрэмжийг олон талаас нь илэрхийлэх боломжийг уран бүтээлчдэд олгож байгаагаараа онцлогтой гэж зохион байгуулагчид тайлбарлажээ.
