Засгийн газраас гаргасан шийдвэрийг өнөөдөр олон нийтэд танилцуулах үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам сэтгүүлчдийн асуултад хариулж, энэ онд Монгол Улсад зохион байгуулагдах томоохон спортын арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр манай улс 2026 онд тив, дэлхийн чанартай олон улсын хэд хэдэн тэмцээнийг эх орондоо хүлээн авахаар төлөвлөснийг онцолсон юм.
Сайдын мэдээлснээр, хамгийн эхэнд сонирхогчдын боксын тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нөөс эхлэн “Аса” аренад зохион байгуулагдана. Мөн жилийн турш олон улсын хэмжээний хэд хэдэн тэмцээн дараалан болох бөгөөд Монгол Улс спортын томоохон арга хэмжээг зохион байгуулах төв болж байгааг дурдсан байна.
Тухайлбал, 2026 онд Монгол Улсад дараах тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд:
- Сонирхогчдын боксын тивийн аварга шалгаруулах тэмцээн
- Шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээн
- Counter Strike 2 цахим спортын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн
- Азийн волейболын цом
- Чөлөөт бөхийн олон улсын тэмцээн
- 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээн
Тэрбээр мөн Counter Strike 2 буюу цахим спортын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн ирэх арванхоёрдугаар сард Монгол Улсад анх удаа зохион байгуулагдана гэдгийг онцолсон юм. Эдгээр тэмцээнүүдэд дэлхийн 120 гаруй орны 1,000 гаруй тамирчин, мөн 3,000 орчим албаны хүн оролцохоор тооцоолж байгаа талаар мэдээлэв.
Мөн боксын тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-наас эхэлж, дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл Улаанбаатар хотод үргэлжлэх хуваарьтай байгааг зохион байгуулагчид мэдээлжээ.
