Бямба, 3 сар 14, 2026
HomeОлон улсын мэдээАфрикийн орнууд боолчлолын асуудлаар Европын улсуудыг шүүхэд өгөхөөр бэлтгэж байна

Африкийн орнууд боолчлолын асуудлаар Европын улсуудыг шүүхэд өгөхөөр бэлтгэж байна

Африкийн холбооны гишүүн орнууд түүхэн дэх боолын худалдаатай холбоотой асуудлаар Баруун Европын орнуудын эсрэг НҮБ-ын Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахаар төлөвлөж байна. Энэ талаар Их Британийн “The Daily Telegraph” сонин мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Африкийн улсууд Их Британи, Испани, Португал болон Франц улсаас түүхэн хохирлыг нөхөн төлүүлэхээр зорьж байгаа аж. Тэд трансатлантын боолын худалдааг “хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг” гэж үзэж байна. Африкийн холбооны хуулийн зөвлөх, Уганда улсын шүүгч Мартин Окуму Масига тус сонинд өгсөн ярилцлагадаа түүхэн гэмт хэрэгт нөхөн төлбөр тооцдог олон улсын жишиг байдгийг онцолжээ.

Тэрээр хэлэхдээ “Түүхэн дэх шударга бус явдлын нөхөн төлбөрийг хэдэн арван жилийн дараа ч нэхэмжлэх боломжтой. Герман улс Холокостын төлөө нөхөн төлбөр төлсөн. АНУ Дэлхийн хоёрдугаар дайны үед саатуулагдсан япон гаралтай иргэддээ нөхөн олговор олгосон. Мөн Их Британи улс Кени дэх колоничлолын үед хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийнхээ төлөө хохирогчдод төлбөр төлж байсан туршлага бий” хэмээн тэмдэглэсэн байна.

Сүүлийн жилүүдэд Карибын тэнгисийн орнууд ч мөн XVII-XVIII зууны үед Лондонгийн дэмжлэгтэйгээр явагдсан боолын худалдааны нөхөн төлбөрийг Их Британиас нэхэмжлэх асуудлыг идэвхтэй ярих болсон юм. 2024 оны 10 дугаар сард Самоад болсон Хамтын нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалтаар нөхөн төлбөрийн асуудлыг хэлэлцэж эхлэх шаардлагатай тухай заалт бүхий албан ёсны мэдэгдэл гаргаж байв.

Америкийн “Brattle Group” зөвлөх үйлчилгээний компанийн 2023 онд танилцуулсан судалгаанд дурдсанаар, трансатлантын боолын худалдааны хохирогч болсон 30 гаруй улс Барууны орнуудаас нөхөн төлбөр авах үндэслэлтэй аж. НҮБ-ын Олон улсын шүүхийн шүүгч Патрик Робинсоны оролцоотой бэлтгэсэн уг тайланд зөвхөн Их Британи улс гэхэд 24 их наяд ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэж тооцоолжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд