Монгол Улс болон ХБНГУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагаа тогтсоны түүхт 100 жилийн ойд зориулан Германы Умард Райн-Вестфали мужийн Бад Ойнхаузен хотноо “Монголын бүтээлүүд” нэртэй үзэсгэлэн гарахаар болжээ. Тус үзэсгэлэн нь Бад Ойнхаузен хотын Зүрх, чихрийн шижингийн төвийн Урлаг, соёлын форумд 2026 оны гуравдугаар сарын 18-ны 17:00 цагт нээлтээ хийхээр товлогдсон байна.
Энэхүү соёлын арга хэмжээнд Монгол Улсын 13 уран бүтээлчийн шилдэг зураг, бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах юм. Нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрт дараах онцлох үйл явдлууд багтжээ:
- Албан ёсны нээлт: Умард Райн-Вестфали мужийн Зүрх, чихрийн шижингийн төвийн гүйцэтгэх захирал Карин Оверлак үзэсгэлэнг нээж үг хэлнэ.
- Мэндчилгээ: Монгол Улсын Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ зочдод мэндчилгээ дэвшүүлнэ.
- Танилцуулга: Германы нэрт зохиолч Франк Шаблевски үзэсгэлэнгийн бүтээлүүдийн талаар танилцуулга хийнэ.
- Урлагийн тоглолт: Нээлтийн ёслолын үеэр Монголын уламжлалт хөөмийн тоглолт эгшиглэх юм.
Үзэсгэлэнгийн уран сайхны удирдагч, зохион байгуулагчаар Германы урлаг судлаач Бернхард Шпруте ажиллаж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд зориулсан тусгай каталог хэвлэгдэн гарах ажээ. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны соёл, урлагийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
