HomeУлс төрЗ.Энхболд, Б.Энх-Амгалан нарт анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноов

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноов

УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүхээс хоёр шүүгдэгчид хорих ял оноолоо.

Шүүхийн дүгнэлтээр Б.Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайд, өөрөөр хэлбэл улс төрд нөлөө бүхий албан тушаалтан байх хугацаандаа тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдын нөлөөлөлд орж, үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал олгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзжээ.

Мөн З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлж, түүгээр дамжуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон байна.

Таван жил төрийн албанд томилогдох эрхийг нь хасчээ

Ингээд шүүхээс Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.

Шүүхийн шийдвэрээр тэд хорих ялаа нээлттэй хорих байгууллагад эдлэхээр болсон бөгөөд Б.Энх-Амгалангийн өмнө нь цагдан хоригдсон 167 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ. Харин нийтийн албанд томилогдох эрхийг хасах хугацааг хорих ял эдэлж дууссаны дараах өдрөөс эхлэн тоолох юм байна.

Хилээр гарах хязгаарлалтыг цуцалж, цагдан хорих ялыг энэ өдрөөс тооцно

Мөн шүүхээс Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэсэн байна.

Харин хэргийн оролцогчид, өмгөөлөгчид болон улсын яллагчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй юм. Хэрэв давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал анхан шатны шүүхийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд