АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар ахиц гарсан гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ энэ талаар ярьсан байна.
“Энэ хамгийн хэцүү нь болж таарлаа”
“Бид үүн дээр ажиллаж байна. Орос, Украины мөргөлдөөнийг зохицуулах талаар ахиц гарч байна гэж бодож байна. Би найман дайныг зохицуулсан. Энэ нь магадгүй хамгийн амархан нь байх болов уу гэж бодож байсан ч хамгийн хэцүү нь болж таарлаа. Гэхдээ ахиц гарсан” гэж Трамп хэлжээ.
Гэхдээ тэр яг ямар ахицын талаар ярьж байгаагаа тодорхой тайлбарлаагүй байна.
Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг тайлбарлав
Украинд холын тусгалтай пуужин болон Patriot системд зориулсан пуужин сөнөөгч нийлүүлэх боломжийн талаар асуухад Трамп АНУ-д өөрт нь ч эдгээр зэвсэг хэрэгтэй гэж мэдэгджээ.
Мөн тэр өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааг Украинд “асар их хэмжээний зэвсэг” өгсөн гэж шүүмжилсэн байна. “Тэдгээрийг бүрэн үнэгүй өгсөн” гэж Трамп онцолсон аж.
Үүнээс гадна Трамп АНУ-ын Ираны эсрэг цэргийн ажиллагаа удахгүй дуусаж магадгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр “дайн дуусахад” нефтийн үнэ буурна гэж хүлээж байгаагаа мөн хэлжээ.
