Үндэсний баяр наадмын Үндэсний сурын харваанд шилдэг наймд шалгарсан Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Монгол Улсын мэргэн Ч.Гандаваагаас допингийн төрлийн бодис илэрсэн тухай эх сурвалж мэдээллээ. Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу сурын харвааны эхний найман байрт шалгарсан харваачдаас допингийн шинжилгээ заавал авдаг тухай заасан байдаг.
Сорьцыг ХБНГУ-ын лабораторид шинжилжээ
Үндэсний баяр наадмын допингийн сорьцуудыг АТГ, Тагнуул, ЦЕГ-ын хөндлөнгийн хяналт дор тээвэрлэн, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын биохимийн институтэд (Institute of Doping Analysis and Sports Biochemistry) шинжлүүлсэн юм. Одоогоор Ч.Гандаваа В сорьцын шинжилгээ өгөх хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байна.
Шинжилгээний хариу ирсэн ч үндэсний спортын наадамд оролцжээ
Допингийн бодис илэрсэн гэх мэдээлэл гараад байх үед тэрээр Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг “Монголын Үндэсний Спортын VIII наадам”-д оролцож, дэд байр буюу мөнгөн медаль хүртсэн нь олны анхаарлыг татаж байна.
Ташрамд дурдахад, Ч.Гандаваа нь өнгөрсөн жилийн баяр наадмаар 40 сумнаас 38 онож түрүүлэн Монгол Улсын мэргэн цол хүртэж байсан бөгөөд энэ жилийн баяр наадмаар 33 оноогоор шилдэг наймд шалгараад байсан юм.
