Казахстан улсын нийслэл Астана хотноо үргэлжилж буй 1.6 сая ам.долларын шагналын сантай “PGL Astana 2026” тэмцээний гурав дахь өдөр манай улсын “The MongolZ” баг дэлхийн шилдэг багуудын нэг “G2 Esports”-той халз туллаа. Даваа гараг буюу 2026.05.11-ний өдөр болсон уг тоглолтод Монголын баг ур чадвар, тактикийн илт давуу байдлыг үзүүлж, 2:0 харьцаатайгаар ялалт байгууллаа. Хэсгийн шатны “best-of-3” форматаар явагдсан тус тулаанд ялснаар “The MongolZ” баг 2:1 гэсэн амжилттай болж, плей-оффын шатанд шалгарах боломжоо эрс нэмэгдүүлсэн бол “G2” баг 1:2 гэсэн үзүүлэлттэйгээр тэмцээнээ үргэлжлүүлэхээр болов.
Тоглолтын явцыг тоймловол:
- Dust 2: “The MongolZ” баг өөрсдийн сонгосон газрын зураг дээрээ өрсөлдөгчөө 13:2 харьцаатайгаар ямар ч боломж олголгүй бут ниргэв.
- Inferno: Хоёр дахь үе тун ширүүн өрсөлдөөн дунд өрнөж, нэмэлт цаг сунгасны эцэст 19:15 харьцаатайгаар Монголын багийн ялалтаар өндөрлөлөө.
Тус тэмцээнд “The MongolZ” багийн бүрэлдэхүүнд А.Ууганбаяр (cobrazera), А.Батболд (mzinho), У.Банзрагч (910), Г.Бямбасүрэн (bLitz), С.Мөнхболд (Techno) нар тоглож байгаа бол “G2 Esports” багийн эгнээнд MATYS, huNter-, Nertz, SunPayus, HeavyGod нар хүч үзэж байна.
“PGL Астана 2026” тэмцээн энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 16 баг аваргын төлөө өрсөлдөж байгаа юм. Тэмцээний хасагдах шатны (play-off) тулаанууд тавдугаар сарын 15-наас эхлэх бөгөөд аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт “best-of-5” зарчмаар явагдаж, ялагч тодорно.
