БНСУ-ын Мүжү хотод үргэлжилж буй пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо.
Эмэгтэйчүүдийн K44 ангиллын 52 кг хүртэлх жинд өрсөлдсөн тэрбээр шийдвэрлэх тулаанд Ираны тамирчин Захра Рахимитай учраа таарч, 1:2-ын харьцаатай ялагджээ.
Парисын паралимпын өрсөлдөгчид дахин учраа таарав
У.Сүрэнжав, Захра Рахими нар өмнө нь “Парис-2024” паралимпын наадмын аваргын төлөө өрсөлдөж байсан юм. Тухайн үед Монголын тамирчин өрсөлдөгчөө 5:2-ын харьцаатай ялж байв.
Харин энэ удаагийн ДАШТ-д Захра Рахими шигшээ тулаанд шалгарч, БНХАУ-ын тамирчин Ли Южитай алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ.
Түүний өрсөлдөгч Ли Южи дараах амжилтуудыг үзүүлсэн тамирчин юм.
- 2019 оны дэлхийн аварга
- 2020 оны Токиогийн паралимпын хүрэл медальтан
- 2024 оны Парисын паралимпын аварга
- Ази тивийн аварга
У.Сүрэнжав дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн нь олон улсын дэвжээнд өрсөлдөх чадвараа хадгалж буйн илрэл юм. Шилдэг тамирчдын өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед дэлхийн аваргын медалийн тавцанд дахин гарсан нь Монголын пара таеквондогийн хувьд чухал амжилт болж байна.
