НүүрОлон улсын мэдээГерманд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөгнөөс хоргодох байрыг дуудлага худалдаагаар зарна

Германд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөгнөөс хоргодох байрыг дуудлага худалдаагаар зарна

Берлин хотын Шарлоттенбург дүүрэгт 618 ам.метр талбай бүхий хуучин бөмбөгнөөс хоргодох байрыг дуудлага худалдаанд оруулжээ. Уг үл хөдлөх хөрөнгийн анхны үнэ 398,000 евро юм. Энэ тухай Германы “Bild” сонин мэдээллээ.

Уг байгууламж нь Кайзердамм 102 хаягт байрлах 1906 онд баригдсан орон сууцны барилгын газар доорх хоёрдугаар давхарт оршдог аж. Зоорийн давхрыг хоргодох байр болгон өөрчлөх ажил 1936 онд эхэлжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед энэ байр 250 хүртэлх хүнийг багтаах хүчин чадалтай байсан бөгөөд байлдааны ажиллагааны төгсгөлийн шатанд хээрийн эмнэлэг болгон ашиглаж байсан гэх таамаг бий. Дараагийн хэдэн арван жилд уг байр хоосон байсан ч 2022 онд зарим хэсгийг нь үзэсгэлэн болон урлагийн төслүүдэд ашиглаж байжээ.

Тус бункер нь тусгаарлагдсан 18 өрөөнөөс бүрдэнэ. Хамгийн том өрөөнийх нь талбай 183 ам.метрт хүрдэг бол таазны өндөр нь бараг 5 метр аж. Дуудлага худалдааны тайлбарт уг байгууламж цонхгүй бөгөөд тухайлбал агуулахын зориулалтаар ашиглах боломжтой гэж заажээ. Үүний зэрэгцээ тухайн барилгын дээвэр дээр саун, задгай талбай бүхий тансаг зэрэглэлийн орон сууцнууд баригдаж байгаа гэнэ. Ойролцоогоор 240 ам.метр талбайтай ийм орон сууцны үнэ 2.5 сая еврод хүрч байна.

Худалдан авах үнээс гадна ирээдүйн эзэмшигч нь байрны нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, үйлчилгээнд зориулж сар бүр 743 орчим евро төлөх шаардлагатай болно. Бункерт халаалт, сантехник, орчин үеийн агааржуулалт болон усан хангамжийн систем, мөн иргэний хамгаалалтын хэрэгслүүд байхгүй. Гэхдээ дуудлага худалдааны тайлбарт тэмдэглэснээр хуулиар шинэ өмчлөгчид ийм тоног төхөөрөмж суурилуулах үүрэг хүлээлгэдэггүй ажээ.

Германд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөгнөөс хоргодох байрыг дуудлага худалдаагаар зарна
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд