Орос улс Ираны нутаг дэвсгэрээс ашигласан цөмийн түлшний зарим хэсгийг гаргаж авах саналыг АНУ болон Иранд тавьсан бөгөөд энэ нь уг түлшийг цэргийн зориулалтаар ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлолыг бууруулах зорилготой юм.
Вашингтон болон Тегеранд хүргүүлсэн энэхүү саналын талаар ОХУ-аас Турк улсад суугаа Элчин сайд Сергей Вершинин “Hürriyet” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Дипломатч Москва атомын цахилгаан станц барих, цөмийн түлш нийлүүлэх технологитой гэдгийг сануулсан байна. Түүнчлэн Орос улс зөвхөн реакторуудын үйл ажиллагааг хангаад зогсохгүй ашиглаж дууссан материалыг буцаан хүлээн авах чадвартай аж.
Вершинин: «Тиймээс бид сонирхогч талуудад, юуны түрүүнд америкчууд болон иранчуудад эцсийн дүндээ ашигласан цөмийн түлшний зарим хэсгийг авч болох тухайгаа мэдэгдсэн. Энэ нь уг түлшийг цэргийн зориулалтаар ашиглаж магадгүй гэх болгоомжлолыг үгүйсгэх зорилготой» хэмээн тайлбарлажээ.
Элчин сайдын хэлснээр, Москва Тегераныг бусад аль ч улс орны адил энхийн зорилгоор цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх эрхтэй гэж үздэг байна. Оросын энэхүү санаачилга нь тус эрхийг цөмийн аюулгүй байдлын шаардлагуудтай уялдуулахад чиглэгджээ.
