“Барселона” клубийн жигүүрийн довтлогч Ламин Ямаль дөнгөж 18 насандаа Испанийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тоогоороо Криштиану Роналдуг гүйцэж түрүүллээ. Түүний баг Ла Лигийн 35 дугаар тойргийн хүрээнд “Реал Мадрид”-ыг хожсоноор энэхүү амжилт баталгаажсан юм.
Ямаль ийнхүү Каталоны багийн бүрэлдэхүүнд гурав дахь удаагаа Испанийн аварга болж байна. Харин алдарт Криштиану Роналду “Реал Мадрид” клубт есөн жил тоглохдоо Ла Лигийн цомыг ердөө хоёр удаа өргөж байсан билээ.
Барселона хотын “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тулаан 2:0 харьцаатайгаар талбайн эздийн давуулалтаар өндөрлөв. Тоглолтын 9 дэх минутад Маркус Рашфорд гоолдож салхийг хагалсан бол 18 дахь минутад Ферран Торрес тооны харьцааг холдуулжээ. Мөн тоглолтын 64 дэх минутад Бразил тоглогч Рафинья талбайд гарсан нь хөгжөөн дэмжигчдийн хувьд таатай мэдээ байлаа. Тэрээр гуяны арын булчингийн гэмтлийн улмаас гуравдугаар сарын сүүлээс хойш буюу бараг сар хагасын турш тоглолтод оролцоогүй байсан юм.
Энэхүү ялалтын үр дүнд “Барселона” 91 оноотой боллоо. Тэмцээний хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй “Реал Мадрид” тэднээс 14 оноо дутуу байгаа бөгөөд үлдсэн гурван тоглолтод хожсон ч өрсөлдөгчөө гүйцэх боломжгүй болов.
Ламин Ямаль нь “Барселона” клубийн академийн төгсөгч бөгөөд 2024 онд Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Европын аварга болсон билээ.
