Монголын явган алхагчид 2026 оны намрын олон улсын фестивалиудад амжилттай оролцож, Ази, Номхон далайн алхагч цолны болзол хангасан шинэ цолтнууд төрөн гарчээ. Энэ удаагийн улиралд Монголын явган алхалтын холбоо, аймаг, орон нутгийн салбар байгууллага болон алхалтын клубүүдийн гишүүд давхардсан тоогоор 170 гаруй оролцоо бүртгүүлсэн байна.
Гурван тивийн найман улсын фестивальд оролцов
Монголын алхагчид энэ намар дараах улсуудад зохион байгуулсан олон улсын явган алхалтын фестивалиудад эх орноо төлөөлжээ.
- Европ: Австри, Герман
- Хойд Америк: Канад, АНУ
- Ази: БНСУ, Япон, Тайвань, Индонез
Олон улсын явган алхалтын томоохон арга хэмжээнүүд Европын орнуудад жил бүрийн ес, аравдугаар сард төвлөрдөг бол Ази, Номхон далайн бүсийн фестивалиуд арав, арваннэгдүгээр сард эрчимждэг уламжлалтай.
Олон улсын цол, шагналын болзлоо ахиулжээ
Монголын баг тамирчид энэ жилийн фестивалиудын үеэр олон улсын стандартын шаардлага хангасан зам, маршрутуудыг амжилттай туулж, оролцоогоо баталгаажуулсан байна. Ингэснээр хувийн цол, шагналын үзүүлэлтээ ахиулаад зогсохгүй багийн амжилтаараа Монгол Улсаа олон улсын тавцанд таниулжээ.
Явган алхалтыг зөвхөн эрүүл мэндээ дэмжих дасгал хөдөлгөөн бус, олон улсын хамтын ажиллагаа, спортын амжилтын нэг хэлбэр болгон хөгжүүлэхэд энэ мэт оролцоо чухал ач холбогдолтой. Монголын алхагчдын энэ удаагийн амжилт нь тус спортыг дотоодод өргөжүүлэх, олон улсын түвшинд оролцоогоо нэмэгдүүлэхэд түлхэц болох юм.
