HomeОлон улсын мэдээСудалгаа: Хүмүүс таалал төгсөхийнхөө өмнө нас барсан ойр дотны хүмүүсээ зүүдэлдэг

Судалгаа: Хүмүүс таалал төгсөхийнхөө өмнө нас барсан ойр дотны хүмүүсээ зүүдэлдэг

Хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж буй буюу амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрүүлж буй хүмүүс таалал төгссөн хайртай хүмүүс болон “шилжилт”-ийг бэлгэдсэн зүйлсийг зүүдлэх нь элбэг байдаг бөгөөд энэ нь үхлээс айх аййдсыг багасгахад тусалдаг байна. Энэ тухай Италид хийсэн шинэ судалгааны үр дүнг “Veritas News” агентлаг мэдээллээ.

Реджо-Эмилиа хотын хөнгөвчлөх тусламжийн сүлжээний ажилтан Элиза Рабитт хамтран ажиллагсдынхаа хамт 239 эмч, сувилагч, сэтгэл судлаач болон бусад мэргэжилтнүүдээс эдгэршгүй өвчтэй хүмүүсийн хуваалцсан зүүдний талаар асуулга авчээ.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, өвчтөнүүд ихэвчлэн нас барсан төрөл төрөгсөд эсвэл тэжээвэр амьтадтайгаа уулзаж байна гэж зүүдэлдэг байна. Тухайлбал, нэгэн өвчтөн таалал төгссөн нөхөр нь зүүдэнд нь ирээд “Би чамайг хүлээж байна” гэж хэлсэн талаар хуваалцжээ. Судлаачид ийм зүүд нь хүмүүст дотоод амар амгаланг мэдрүүлж, зайлшгүй ирэх зүйлийг хүлээн зөвшөөрөхөд тусалдаг гэдгийг онцолсон байна. “Ийм зүүднүүд нь амьдралын төгсгөлтэй нүүр тулж буй хүмүүст сэтгэл зүйн тайтгарал олгож, утга учир олход нь тусалдаг” гэж Элиза Рабитт тэмдэглэжээ.

Зүүдэнд мөн хаалга, шат эсвэл гэрэл зэрэг дүр дүрслэлүүд их ирдэг аж. Нэгэн өвчтөн хөл нүцгэн шатаар өгсөж, цагаан гэрэл цацарсан нээлттэй хаалга руу дөхөж байна гэж зүүдэлснээ ярьжээ. Судлаачдын үзэж буйгаар иймэрхүү дүрүүд нь амьдралаас үхэл рүү шилжих үйл явцыг ухамсарлан ойлгох нэгэн хэлбэр байж болох юм.

Ийм зүүдний дийлэнх нь “амар амгалан”, “тайтгарал” мэдрүүлдэг ч 10 орчим хувьд нь түгшүүртэй зүүд ирдэг байна. Тухайлбал, нэг хүн ээжийнх нь царайтай боловч түүнийг доош нь татаж буй нэгэн амьтныг харсан гэжээ.

АНУ-ын Баффало хотын Хосписийн судлаач Кристофер Керр мөн ижил үр дүн гаргажээ. Түүний хэлснээр нас барсан ойр дотны хүмүүсээ зүүдлэх нь маш түгээмэл бөгөөд нас барах дөхөх тусам ийм зүүд ирэх нь олширдог байна. “Хамгийн сонирхолтой нь зүүдэнд санамсаргүй хүмүүс биш, харин таныг үнэхээр хайрлаж, халамжилж байсан хүмүүс л ирдэг” гэж тэрээр онцлов.

Өвчтөнүүд мөн “аялалд” бэлтгэж буй мэт зүүдэлдэг. “Тэд ачаа тээшээ бэлдэх эсвэл автобусанд сууж байна гэж их ярьдаг” хэмээн Керр тайлбарлажээ. Тэрээр 70 настай нэгэн эмэгтэйн жишээг дурдав. Уг эмэгтэй зүүдэндээ нас барсан анхны хүүхдээ тэвэрч байна гэж харжээ. Хэлэхэд дэндүү өвдөлттэй байсан тэрхүү гарз хохирол амьдралынх нь төгсгөлд ийнхүү бэлгэдлийн чанартай “эргэн уулзалт” болж ирсэн нь түүнд асар их тайвшралыг авчирсан байна.

Керрийн хэлж буйгаар “Үхэх гэдэг нь аажмаар зүүдэнд живэх үйл явц” юм. Хүмүүс үргэлж унтаж, сэрж байдаг тул зүүд нь маш тод, бодитой санагддаг байна. Хэдийгээр амьдралын төгсгөл түгшүүртэй санагдаж болох ч сүүлийн долоо хоногууд өөр мэдрэмжээр дүүрэн байдаг аж. Хүмүүс эцэст нь бүхнийг хүлээн зөвшөөрч, “айдасгүй болдог” нь хамгийн гайхмаар зүйл хэмээн судлаач дүгнэжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд