Гайана болон Перу улсаас авчирсан 30 гаруй залхуу баавгай АНУ-д тэжээх, арчлах горим зөрчсөний улмаас үхсэн харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар NBC News агентлаг мэдээллээ.
Эдгээр амьтдыг Флорида мужийн Орландо хотын нэгэн энтертайнмент төвд зориулан худалдаж авсан байна. Гэвч амьтдыг байрлуулсан агуулах нь хүйтний улиралд тэднийг байлгахад тохиромжгүй, шаардлага хангаагүй байжээ. Тодруулбал, уг барилга нь цахилгаан болон усан хангамжгүй байсан аж.
Хэт даарсны (гипотерми) улмаас Гайанагаас авчирсан 21 залхуу баавгай үхсэн бол Перугаас тээвэрлэж ирсэн хоёр амьтан замдаа амьсгал хураажээ. Мөн өөр найман амьтан туйлдаж ядарсны улмаас үхсэн байна.
