Монгол Улсын соёл урлагийн салбарт өөрсдийн дахин давтагдашгүй орон зайг тунхагласан Гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа болон Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа нарыг төрийн дээд шагнал болох Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнахаар шийдвэрлэжээ. Энэхүү түүхэн шийдвэр нь тэдний Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан олон жилийн нөр их хөдөлмөр, хувь нэмрийг төрөөс өндөрлөн үнэлж буйн илэрхийлэл юм.
Поп дива Т.Ариунаагийн туулсан урлагийн замнал
Дуучин Төмөрийн Ариунаагийн уран бүтээлийн түүх нийслэлийн 52 дугаар дунд сургуулийн сурагч байхаас нь эхлэлтэй бөгөөд тэрбээр хүүхдийн дууны нэрт мастер Л.Галмандахын удирдсан “Нарны дуулал” хамтлагт дуулж суралцжээ. Тэрбээр дөнгөж 15 насандаа “16 нас” хэмээх сод уран бүтээлээ амилуулж, залуусыг байлдан дагуулж эхэлсэн түүхтэй. Уг дуу нь ердөө жилийн дараа буюу түүнийг 16 настай байхад Монголын радиогийн алтан фондод mөнхрөн үлдэж, улмаар ЗХУ-д “16 нас” нэртэй пянз болон хэвлэгдэж байжээ. Тэрбээр Улсын филармонийн “Соёл Эрдэнэ” чуулгад дагалдан дуучнаас гоцлол дуучин хүртэл дэвшиж, хожим Болгар улсын Хөгжмийн дээд сургуулийг мэргэжлийн дуучин зэрэгтэй төгссөн байна. Тэрбээр 1990-ээд оноос бие даасан карьераа хөөж, өдгөө уран бүтээлээ тасралтгүй туурвиж байгаа бөгөөд сонсогчдод дараах 8 цомгоо бэлэг барьжээ:
- “Эрос № 1” (1996 оны анхны цомог)
- “Зөвхөн чиний тухай” болон “Чи минь”
- “Хаврын шөнийн бодол”, “You are my life”
- “Миний шинэ орон зай”, “Дурлал шиг асна”
- “Cosmic Ariunaa: The Remixes”
Зууны манлай Б.Сарантуяа ба Монголын этник поп урсгал
Улаанбаатар хотын уугуул, дуучин Батмөнхийн Сарантуяа уран бүтээлийн анхны алхмаа “Мөнгөн харандаа” хамтлагтай хамт тавьж байв. Үүний дараа 1990-ээд оны үеэс “Хөх тэнгэр” хамтлагийн бүрэлдэхүүнд багтсанаар түүнийг олон нийт илүүтэй таньж, алдарших үүд хаалга нь нээгджээ. Тэрбээр 1992 онд “Зүүдний говь” хэмээх бие даасан анхны цомгоо гаргаж байсан бол, 1994 онд Соёлын төв өргөөний тайзнаа “Сэтгэлийн хөг” нэртэй анхны бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулж байсан түүхтэй. Поп одуудаас хамгийн анх монгол ардын дуунуудыг орчин үеийн поп хэмнэлд оруулан дуулж, “Аргагүй амраг” цомог гаргаснаар монгол этник урсгалыг бий болгосон гавьяа түүнд харьцуулшгүй юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “Зүүдний говь”, “Инээмтгий хүн”, “Аргагүй амраг”, “Миний дуу”, “Эгэл сэтгэл”, “Хайрын зөрлөг”, “Тэгвэл хоёулаа”, “Saraa De Mооn”, “Би жаргалтай”, “Шинэ жилийн аялгуу”, “Өнөөдөр ирсэн дурлал”, “Төрсөн өдрийн аялгуу”, “Хайрын бэлэг”, “Сэтгэлийн есөн цацал” зэрэг олон шилдэг цомгоо уран бүтээлийн сандаа нэгтгэж, түмэн олноо баясгасаар ирсэн билээ.
