Монгол Улсын гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн боксын рингэнд хийсэн анхны тулаандаа ялалт байгуулжээ. Тэрбээр есдүгээр сарын 26-нд АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хотын Patapsco Arena-д болсон World Championship Boxing Series LXXXI тэмцээнд Шиния Жонстой тулалдсан байна.
PTP /Ponytail Promotions/-ийн зохион байгуулсан уг тулаанд М.Нандинцэцэг өрсөлдөгчөө эхний раундад нокаутаар буулган авч, мэргэжлийн боксын замналаа ялалтаар эхлүүлжээ.
Сонирхогчдын бокст түүхэн амжилтууд гаргаж байв
М.Нандинцэцэг Монголын эмэгтэй боксын анхдагч амжилтуудын эзэн тамирчдын нэг. Тэрбээр 2014 оны Азийн наадам, 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй боксчдын олон улсын том тэмцээний медалийн түүхийг үргэлжлүүлсэн юм.
Мөн Дэлхийн цомоос мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байжээ. Улмаар Монголын эмэгтэй боксчдоос гавьяат тамирчин цол хүртсэн анхны тамирчин болсон байна.
АНУ-ын “Алтан бээлий”-д аваргалж байжээ
Сүүлийн жилүүдэд АНУ-ын Виржиниа мужид амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж буй М.Нандинцэцэг өнгөрсөн тавдугаар сард Тулса хотод болсон Golden Gloves of America тэмцээнд амжилттай оролцсон байна.
Тэрбээр 54 кг буюу 119 фунтын bantamweight жинд ялагдалгүй түрүүлж, АНУ-ын нэр хүндтэй сонирхогчдын боксын тэмцээний аварга болжээ. Харин энэ удаа мэргэжлийн рингэнд анхны тулаанаа КО ялалтаар эхлүүлснээр замналынхаа шинэ үеийг амжилттай нээлээ.
