Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байсан ур чадвартай багш нарыг хувийн хэвшлийн сургуулиуд өндөр цалин амлаж өөртөө татдаг асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан нэлээд хатуу байр суурь илэрхийллээ. Салбарын сайдын зүгээс төрийн сургуулийн боловсон хүчний нөөцийг хамгаалах чиглэлээр дараах арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд хувийн сургуулиуд сургалтын менежментийг сайжруулах эсвэл хамтран ажиллах нэрээр төрийн сургуулиудын хөтөлбөрт нөлөөлж, олон тооны багш нарыг өндөр цалингаар татсан байна. Энэхүү шилжилт хөдөлгөөн нь төрийн өмчийн сургуулиудын сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул яамны зүгээс нарийвчилсан судалгааг эхлүүлжээ.
Салбарын сайдын мэдэгдэл
Л.Энх-Амгалан сайд энэхүү зүй бус өрсөлдөөнийг таслан зогсоохын тулд дараах шийдвэрийг танилцуулсан юм:
“Төрийн өмчийн сургуулиудын шилдэг багш нарыг сүүлийн гурван жилийн дотор ямар нэгэн байдлаар цалин амлаж татсан бол тэдгээр багш нарыгаа буцаана. Тэднийг буцааж өгөхгүй бол хувийн сургуулиуд багш авсан төрийн сургуульдаа нөхөн төлбөр төлнө”
Хэрэв хувийн хэвшлийн сургуулиуд сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн сургуулиас авсан багш нараа буцааж ирүүлэхгүй бол тухайн төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах үүднээс мөнгөн нөхөн төлбөр төлүүлэх механизмыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэхүү зохицуулалт нь төрийн сургуулиуд өөрсдийн шилдэг багш нараа алдахаас сэргийлэх, салбарын тэнцвэрт байдлыг хадгалах зорилготой юм.
