Аргентинаас Кабо-Верде улсыг чиглэн явж байсан “MV Hondius” круизны хөлөг онгоцонд хантавирус дэгдсэний улмаас наад зах нь гурван хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) төлөөлөгч “Agence France-Presse” агентлагт мэдээлжээ.
Тус байгууллагын мэдээлснээр, Атлантын далайд аялж буй хөлөг онгоцонд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ДЭМБ-ын зүгээс шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлж байгаа аж.
“Нийт зургаан хүн халдвар авснаас гурав нь нас барж, нэг өвчтөн одоогоор Өмнөд Африкийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэж ДЭМБ-ын төлөөлөгч онцлов.
Одоогоор нэг тохиолдол лабораторийн шинжилгээгээр албан ёсоор батлагдаад байгаа бол үлдсэн таван тохиолдол нь “сэжигтэй” гэсэн ангилалд байна.
Хантавирус (голдуу жижиг мэрэгч амьтдаас хүнд халддаг вирусний бүлэг) нь хүний биед халдсан тохиолдолд уушиг гэмтээх, зүрхний дутагдалд оруулах болон цусархаг халууралт үүсгэх аюултай юм.
ДЭМБ: Вирус тархах эрсдэл бага байна
“MV Hondius” хөлөг онгоцонд халдвар гарсантай холбогдуулан ДЭМБ-ын Европ дахь бүс нутгийн захирал Ханс Клуге тархалтын эрсдэлийн талаар тодруулга хийлээ.
Тэрээр өөрийн “X” хуудсаараа дамжуулан “Олон нийтийн дунд халдвар тархах эрсдэл бага хэвээр байна. Тиймээс сандарч тэвдэх эсвэл аяллын хязгаарлалт тогтоох шаардлагагүй” хэмээн мэдэгджээ.
ДЭМБ Атлантын далайд гарсан энэхүү дэгдэлтийн үр дагаврыг арилгах, халдвар авсан хүмүүст тусламж үзүүлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг тэрээр нэмж дурдсан байна.
