Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) Туяа эмчилгээний тасгийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэн, 2026 оны нэгдүгээр сараас эхлэн бие даасан Туяа эмчилгээний төв болгон өөрчилсөнтэй холбогдуулан ололт, амжилтыг танилцуулсан өдөрлөг зохион байгууллаа.
Тус төв нь Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) зөвлөмжид нийцүүлэн клиник болон эмнэлгийн физикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, чанарын баталгаажуулалт, цацрагийн хамгаалалтыг цогцоор нь хэрэгжүүлж байна.
Төв байгуулагдсаны ач холбогдол:
- Чанар, хүртээмж: Хорт хавдрын туяа эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- Технологийн дэвшил: Олон улсын стандарт, өндөр нарийвчлалтай дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулна.
- Хүний нөөц ба судалгаа: Мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлнэ.
- Аюулгүй байдал: Цацрагийн хамгаалалт, эмчилгээний аюулгүй байдлыг бүрэн хангаж, иргэд гадаад явах шаардлагагүйгээр эх орондоо олон улсын жишигт нийцсэн эмчилгээ авах боломж бүрдлээ.
Монгол Улс дахь туяа эмчилгээний хөгжлийн онцлох үе шат:
- 1959 он: Монгол Улсад туяа эмчилгээний түүх эхэлсэн.
- 2019 он: Орчин үеийн шугаман хурдасгуурыг ашиглалтад оруулсан.
- 2022 он: IMRT, VMAT технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлсэн.
- 2024 он: Элэг, уушгины хавдарт SBRT эмчилгээг нэвтрүүлсэн.
- 2026 он: Тархины хавдрын SRS эмчилгээг эхлүүлсэн.
- 2026 он: Туяа эмчилгээний тасгийг өргөжүүлэн үндэсний хэмжээний Туяа эмчилгээний төв болгон хөгжүүлэв.
