НүүрСоёл УрлагЭртний Монголын шашин, шүтлэгийн түүхийг олон улсын эрдэмтэд шинэ судалгаанд тулгуурлан хэлэлцлээ

Эртний Монголын шашин, шүтлэгийн түүхийг олон улсын эрдэмтэд шинэ судалгаанд тулгуурлан хэлэлцлээ

“Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.

“Чингис хаан” үндэсний музейн мэдээлснээр, тус хурал Их Монгол Улс байгуулагдахаас өмнөх Монголын тал нутаг дахь нүүдэлчин ард түмнүүдийн шашин, шүтлэгийн түүхэн хөгжил, зан үйл, уламжлал, оюун соёлын онцлогийг шинэ судалгааны үр дүнд тулгуурлан хэлэлцэх зорилготой байна.

Арав орчим улсын судлаачид оролцож байна

Хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНЭУ, БНТУ, БНУзУ, БНКУ зэрэг арав орчим улсын их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцож, судалгааныхаа үр дүнг танилцуулж байгаа аж.

Хэлэлцүүлгийн гол сэдвүүдэд:

  • Эртний нүүдэлчдийн нар, сарны шүтлэг
  • Хүннүгийн Тэнгэр үзлийн хөгжил
  • Тэнгэр шүтлэг
  • Буддын шашны түрүү дэлгэрэлт
  • Жужаны хаант улсын шашин, шүтлэг
  • Түрэгийн хаант улсын шашин, шүтлэг
  • Эртний Уйгурын шашин
  • Несторын шашин

зэрэг асуудал багтжээ.

“Өмнө тогтсон ойлголтуудыг дахин авч үзэх шаардлага нэмэгдэж байна”

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлыг түр орлон гүйцэтгэгч, академич С.Чулуун сүүлийн жилүүдэд эртний нүүдэлчдийн шашин, шүтлэгийн судалгаанд шинэ баримт, арга зүй олноор нэвтэрч байгааг онцолсон байна.

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд Монгол болон Евразийн эртний нүүдэлчдийн шашин, шүтлэгийн судалгаанд археологийн шинэ олдвор, сурвалж бичгийн шинэ тайлбар, шашин судлал, угсаатны зүй, антропологи зэрэг олон салбарын шинэ арга зүй, хандлага нэвтэрч, өмнө тогтсон зарим ойлголтыг дахин авч үзэх шаардлага улам бүр нэмэгдэж байна” гэжээ.

Мөн түүх, археологи, угсаатны зүй болон бусад салбарын судалгаа өргөжихийн хэрээр нүүдэлчдийн шашин, шүтлэгийн талаарх мэдлэг шинэчлэгдэж байгааг тэмдэглэсэн байна.

Эртний Евразийн нүүдэлчдийн шашин, шүтлэг, ертөнцийг үзэх үзэл нь тэдний нийгмийн байгуулал, соёл, аж ахуй, оюун санааны амьдралын салшгүй хэсэг байжээ. Сүүлийн үеийн археологийн нээлт, сурвалж судлал болон бусад салбарын шинэ судалгаа нь энэ сэдвийг шинэ баримт, арга зүйд тулгуурлан дахин авч үзэх боломжийг нэмэгдүүлж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд