Рок хөгжмийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг “Black Sabbath” хамтлаг болон түүний фронтмен Оззи Осборны тайзнаа хийсэн хамгийн сүүлчийн түүхэн тоглолтыг дэлгэцнээ буулгасан “Ozzy & Black Sabbath: Back to the Beginning” концерт киноны албан ёсны трейлер олон нийтийн хүртээл боллоо. 2025 оны долдугаар сарын 5-нд Их Британийн Бирмингем хотын “Villa Park” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан уг үдэлтийн шоу нь 76 насандаа таалал төгссөн Оззигийн хувьд амьдралынх нь сүүлчийн тайз байсан юм. Үүнээс гадна тус тоглолтоор “Black Sabbath”-ийн анхны бүрэлдэхүүн болох Тони Айомми, Гизер Батлер, Билл Уорд нар 20 гаруй жилийн дараа эргэн нэгдэж, төрөлх хотынхоо үзэгчдэд уран бүтээлээ хүргэснээрээ онцлог болов.
Нийт 44 мянган суудлын төлөө гурван сая гаруй үзэгч тасалбар авахаар өрсөлдсөн уг тоглолтын киног Бен Уэйнрайт-Пирс найруулж, жинхэнэ утгаараа рок хөгжмийн одод цугласан гранд шоуг харуулжээ. Жүжигчин Жейсон Момоа хөтөлж, Том Морелло хөгжмийн найруулагчаар ажилласан уг үдэш “Metallica”, “Guns N’ Roses”, “Slayer”, “Pantera” зэрэг хүнд рокын акулуудаас эхлээд Стивен Тайлер, Ронни Вуд нарын алдартнууд оролцон хүндэтгэл үзүүлсэн байна. Хоёр цаг 30 минут үргэлжлэх тус бүтээлд “Crazy Train”, “Iron Man”, “Paranoid” зэрэг сүлд дуунууд эгшиглэхээс гадна тайзны арын сэтгэл хөдөлгөм агшнууд, хөгжимчдийн дурсамж багтсан бөгөөд 2026 оны аравдугаар сарын 28-наас эхлэн дэлхийн кино театруудаар хязгаарлагдмал хугацаанд гарах аж.
