НүүрЭдийн засагДэлхийн тэргүүлэгч батарей үйлдвэрлэгч CATL Монголд хөрөнгө оруулахаар боллоо

Дэлхийн тэргүүлэгч батарей үйлдвэрлэгч CATL Монголд хөрөнгө оруулахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Далянь хотод 2026 оны зургадугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн форумын ‘Зуны Давос’ хуралд оролцож байна.

Чуулганы хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал Хятадын CATL (Contemporary Amperex Technology Co., Limited) компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Робин Зэнтэй уулзалт хийв.

Тус компани нь цахилгаан машины батерей, эрчим хүчний хадгалалтын систем, батерей дахин боловсруулах, солих шийдэл болон ухаалаг эрчим хүчний систем зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2025 онд тус компани 423.7 тэрбум юанийн орлого олж, 661 гигаватт-цаг литий-ион батерей борлуулсан нь ес дэх жилдээ дэлхийд тэргүүлж буйг харуулж байна. Олон улсын зах зээлийн 39.2 хувийг эзэлдэг. Мөн эрчим хүч хадгалах батерейны нийлүүлэлтээр таван жил дараалан дэлхийд нэгдүгээрт жагсчээ.

Уулзалтын үеэр талууд Монголын эрчим хүчний шилжилт, батерей хадгалах дэд бүтэц, засвар үйлчилгээ, дахин боловсруулалт, нэмүү өртөг бүхий үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов. Эхний ээлжинд Төв аймгийн Сэргэлэн суманд тус компанийн хөрөнгө оруулалтаар 100-400 мегаватт-цаг хүчин чадалтай батерей хадгалах төсөл хэрэгжих юм. Цаашид батерейны чанарын шаардлага хангасан түүхий эд боловсруулах, цэвэршүүлэх, эд анги, бүрэлдэхүүн хэсгийг Монголд угсрах, хог хаягдлыг дахин боловсруулах зохицуулалт, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой.

Энэхүү төслийн хэрэгжилт нь Монголын эрчим хүчний сүлжээний тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөн хүрээнд нэвтрүүлэх, оргил ачааллыг зохицуулах, мөн цахилгаан тээвэр, ногоон дата төв, хиймэл оюун ухааны дэд бүтэц зэрэг ирээдүйн эдийн засгийн суурь болоход чухал үүрэг гүйцэтгэнэ.

Дэлхийд тэргүүлэх технологийн аварга компани Монголд стратегийн хөрөнгө оруулагч болж байгаа нь улсын эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилт, батерей дэд бүтцийн хөгжилд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж буйн илрэл юм.

Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан ‘Чөлөөлье’ санаачилгын хүрээнд эрчим хүчний салбарт олон жил зөвшөөрөл, зохицуулалт, шийдвэр гаргалтын удаашрал, процессын давхардлаас болж хойшлогдсон төслүүдийг урагшлуулах төлөвлөгөө боловсруулсан. Үүний үр дүнд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх анхны нээлттэй, өрсөлдөөнт тендер зарлагдаж, 115 компани сонирхол илэрхийлсэн. Сонгон шалгаруулалтад 19 компани оролцож, эрчим хүчний үнэ 4.8 цент хүртэл буурсан нь ил тод, өрсөлдөөнт, зах зээлийн зарчимд суурилсан шинэ аргачлалын үр нөлөөг харуулж байна.

Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газрын нэмэлт баталгаа шаардалгүйгээр нээлттэй, өрсөлдөөнт тендерт оролцсон нь Монголд шударга, тодорхой, өрсөлдөөнт зарчмаар хөрөнгө оруулах итгэл хадгалагдаж буйг харуулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд