Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль цахилгааны хэрэглээнийхээ тодорхой хэсгийг нарны эрчим хүчээр хангах боломжтой боллоо. Ингэснээр тус сургууль сэргээгдэх эрчим хүчийг сургалтын орчинд нэвтрүүлсэн дүүргийн гурав дахь жишиг сургууль болж байна.
Гэр хорооллын бүсэд байрладаг 61 дүгээр сургууль нь дэд бүтцэд бүрэн холбогдоогүй бөгөөд 974 гаруй сурагчтай. Төвлөрсөн инженерийн дэд бүтэцгүй учраас дулааны зарим хэрэгцээг цахилгаан халаалтаар шийддэг бөгөөд өвлийн улиралд зөвхөн цахилгааны зардалд сард 13-15 сая төгрөг зарцуулдаг байна.
Энэхүү зардлыг бууруулж, сургуулийн эрчим хүчний хэрэглээг илүү тогтвортой болгох зорилгоор “Нартай сургууль” төслийг хэрэгжүүлжээ. Төслийг Чингэлтэй дүүрэг, Австралийн Элчин сайдын яам, Азийн сан, Зориг сангийн дэмжлэгтэйгээр “Энх Орчлон Хөгжил” ТББ, Women Leadership хөтөлбөрийн оролцогчид болон “Prime Solar” компани хамтран хэрэгжүүлсэн байна.
Төслийн хүрээнд суурилуулсан систем:
- 40 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр;
- 20 кВт.цагийн багтаамжтай батарей хуримтлуур;
- цахилгаан тасарсан үед 2–3 цагийн нөөц хэрэглээ хангах боломж;
- жилд ойролцоогоор 17–18 сая төгрөгийн цахилгааны зардал хэмнэх тооцоо;
- 65 тонн CO₂-ийн ялгарлыг бууруулах үр дүн.
Нарны цахилгаан үүсгүүр нь үйлдвэрлэсэн эрчим хүчийг шууд ашиглахаас гадна батарейд хуримтлуулж, шаардлагатай үед хэрэглэх боломжтойгоороо онцлог юм. Цахилгаан тасарсан нөхцөлд сургуулийн гэрэлтүүлэг болон нэн шаардлагатай хэрэглээг батарейгаар 2–3 цаг хүртэл хангах боломжтой тул энэ нь зардал бууруулахаас гадна эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх шийдэл болж байна.
Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд дулаан, цахилгааны ашиглалтын зардалд жилд нийт 8–9 тэрбум төгрөг зарцуулдаг. Иймээс сэргээгдэх эх үүсвэрийг нэмэгдүүлж, хэрэглээг бууруулах нь байгаль орчны үр өгөөжөөс гадна төсвийн хэмнэлт бий болгох бодит боломж гэж үзэж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул: “Бид өнгөрсөн жил 49 дүгээр сургуулийг нарны сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүлсэн бол энэ жил 61 дүгээр сургуулийг тус системд шилжүүллээ. 40 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн батарей хосолсон систем суурилуулснаар сургуулийн цахилгааны зардлыг бууруулж, дүүрэг болон сургуулийн төсөвт хэмнэлт бий болгох боломж бүрдэж байна. Энэ бол сэргээгдэх эрчим хүчийг боловсролын салбарт нэвтрүүлж, бий болсон хэмнэлтийг цаашид сургалтын орчинд дахин хөрөнгө оруулах бодит жишиг юм. Цаашид бусад сургуулийг мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт үе шаттайгаар шилжүүлэх боломжтой гэж харж байна” гэв.
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Лалита Капур: “Австралийн Засгийн газар, Австралийн Элчин сайдын яамны зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Энэ хүрээнд “Нартай сургууль” төслийг Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд хэрэгжүүлж байгаадаа туйлын баяртай байна. Хэрэв төсөл үр дүнтэй хэрэгжвэл цаашид цар хүрээг нь өргөжүүлж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой. Австрали, Монгол Улсын цаг агаар тодорхой хэмжээнд төстэй. Цэлмэг хөх тэнгэр, хуурай уур амьсгалтай учраас нарны эрчим хүчийг ашиглах нөөц боломж өндөр. Тиймээс энэ төсөл Монгол Улсад тохиромжтой, бодит үр дүн авчрах шийдэл гэж бодож байна” гэсэн юм.
Цаашид сургуулийн хэрэглээнээс давсан хэмжээний эрчим хүч үйлдвэрлэгдвэл илүүдэл цахилгааныг төвийн цахилгаан түгээх сүлжээнд нийлүүлэх боломж бүрдэхээр төлөвлөжээ. Ингэснээр сургууль өөрийн хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангахаас гадна илүүдэл үйлдвэрлэлээс нэмэлт орлого бий болгох нөхцөл бүрдэх юм.
Төслийн санаачлагчдын нэг Д.Оюундарь “Тус сургууль нарны панель, батарей болон төвийн цахилгаан сүлжээ хосолсон системд суурилагдсан. Ингэснээр цахилгаан тасарсан үед сургуулийн гэрэлтүүлэг болон чухал хэрэглээгээ 2–3 цагийн турш батарейгаасаа хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, уг систем нөөц генераторын үүрэг гүйцэтгэж, цахилгаан тасарсан үед ч сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм. Сэргээгдэх эрчим хүч ашиглана гэдэг зөвхөн цахилгааны зардлыг бууруулах бус, эрчим хүчний найдвартай байдлаа хадгалж буй сайн шийдэл” юм.
Ийнхүү 61 дүгээр сургуульд хэрэгжсэн “Нартай сургууль” төсөл нь цахилгааны зардлыг бууруулах, эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах зэрэг олон талын үр өгөөжтэй шийдэл болж байна. Мөн сургуулиудын төсвийн хэмнэлтийг боловсролын орчинд дахин хөрөнгө оруулах боломж болгон хувиргах жишиг төслийн нэг болжээ.
