НүүрОлон улсын мэдээБНСУ-ын тэргүүн хатагтай асанд оноосон ялыг хөнгөлжээ

БНСУ-ын тэргүүн хатагтай асанд оноосон ялыг хөнгөлжээ

БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Гөн Хиг төрийн албанд томилоход дэмжлэг үзүүлсний хариуд үнэтэй бэлэг авсан хэрэгт буруутайд тооцон, давах шатны шүүхээс түүнд оноосон хорих ялыг долоон жилээс таван жил болгон бууруулжээ. Энэ талаар “Yonhap” агентлаг мэдээлэв.

Анхан шатны шүүх зургаадугаар сард авлигын хэргийн шийдвэрээ танилцуулж, Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн эхнэрийг зүйл анги бүрээр буруутайд тооцсон юм. Ким Гөн Хиг ойролцоогоор 300 сая вон (220,000 орчим ам.доллар)-ын өртөг бүхий янз бүрийн бэлэг авсан хэрэгт буруутгажээ.

Бэлгүүдийн дунд барилгын компанийн захирлаас хүргэнээ төрийн албанд оруулахад тусламж авсны хариуд өгсөн 100 сая вон (72,000 ам.доллар)-ын үнэ бүхий үнэт эдлэл байжээ. Мөн мөрдөн байцаалтын хувилбараар Ким Гөн Хи Үндэсний боловсролын хорооны дарга асан Ли Бэ Ёныг албан тушаалд томилсны хариуд алтан эдлэл, алдартай зургийн хуулбарыг бэлгэнд авсан байна. Үүнээс гадна тэргүүн хатагтай асан пастороос алдартай брэндийн үнэтэй цүнх, өөр нэгэн бизнесменээс цаг бэлгэнд авсан гэгддэг. Мөн 2023 онд Ким Гөн Хи прокурорын ажилтнаас алдартай зураач Ли У Хваны зургийг авсан байжээ. Тэргүүн хатагтай асангийн өмгөөлөгчид түүнийг буруугүй хэмээн мэдэгдэж байгаа юм.

Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс ялгаатай нь зургийн хуулбар болон үнэтэй цагтай холбоотой хэргүүдэд Ким Гөн Хигийн бурууг тогтоосонгүй. Шүүх бүрэлдэхүүн “Шүүгдэгч Ерөнхийлөгчийн эхнэр гэх статусаа мартаж, үнэт зүйлсийг эмээж зовох зүйлгүйгээр авч байсан” хэмээн мэдэгдэв. Ким Гөн Хиг 24.4 сая вон (18,000 ам.доллар)-ын торгууль төлөхийг даалгасан бөгөөд авсан бэлгийг нь хураан авахаар болжээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын шүүхийн тогтолцоо нь гурван шатлалтай бөгөөд эцсийнх нь Дээд шүүх юм. Өөр хэд хэдэн хэрэгт холбогдоод байгаа Ким Гөн Хиг 2025 оны наймдугаар сард цагдан хорьжээ. 2024 оны арванхоёрдугаар сард түүний нөхөр Юн Сок Ёль Үндсэн хууль зөрчин цэргийн дэглэм тогтоосныхоо төлөө албан тушаалаасаа огцорсон юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд