BBC агентлаг зардлаа бууруулах зорилгоор ирэх хоёр жилийн хугацаанд 2 мянга хүртэлх ажлын байр цомхотгохоор төлөвлөж байгаагаа лхагва гарагт буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 15-нд мэдэгдлээ. Тус байгууллагын түр захирлын үүргийг гүйцэтгэж буй Родри Талфан Дэйвис ажилтнууддаа хандаж мэдээлэл өгөх үеэрээ “Яг нарийн ширийн зүйлийг дахин нягтлах хэрэгтэй байгаа ч 1800-2000 ажлын байр цомхотгоно гэж таамаглаж байгаа” гэжээ.
500 сая фунтийн хэмнэлт хийх шахалт BBC-д тулгарч байна
Родри Талфан Дэйвисийн хэлснээр BBC одоо санхүүгийн ноцтой дарамттай нүүр тулсан тул богино хугацаанд бодитой арга хэмжээ авах шаардлагатай болсон байна. Тус агентлаг жил бүр үйл ажиллагаандаа ойролцоогоор 5 тэрбум фунт стерлинг зарцуулдаг бөгөөд үүнээс 500 сая фунтийг хэмнэх зорилт өмнө нь тавигджээ. Тэрбээр энэ хэмнэлтийн гол хэсгийг 2027 болон 2028 онд хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон байна.
BBC сүүлийн 15 жилийн хугацаанд ийм хэмжээний томоохон цомхотгол хийж байгаагүй аж. Тиймээс энэ удаагийн шийдвэр нь байгууллагын хувьд онцгой хүнд үе эхэлж байгааг харуулж байна.
Хиймэл оюун ухаан, мэдээлэл хэрэглээний өөрчлөлт шинэ дарамт үүсгэв
BBC-ийн хувьд санхүүгийн асуудал зөвхөн дотоод зардалтай холбоотой биш юм. Хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил, хүмүүсийн мэдээ мэдээлэл хүлээн авах дадал өөрчлөгдөж байгаа нь уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагуудад тогтворгүй байдал үүсгэж эхэлжээ.
Үүнээс гадна BBC саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай холбоотой маргаанд орсон байна. Трамп тус агентлагаас 10 тэрбум ам.долларын нэхэмжлэл гаргаж, өөрийн нэр хүндэд халдсан гэж буруутгажээ. Түүний зүгээс BBC 2021 онд хэлсэн үгийг нь өөрчилж, дэмжигчдээ Конгресс руу халдахыг илт уриалсан мэтээр дүрсэлсэн гэж үзсэн байна.
