Дуучин Б.Замбалгарав R&B урсгалаар бүтээсэн анхны бие даасан цомгоо “Цаг хугацаа” нэртэйгээр сонсогчдод хүргэлээ. Найман дуунаас бүрдсэн энэхүү цомог Spotify, Apple Music зэрэг олон улсын хөгжмийн стриминг платформуудад албан ёсоор байршсан байна.
Шинэ цомогт “Танихгүй дүр”, “Зүүд”, “Зөвхөн чи”, “Цаг хугацаа” зэрэг уран бүтээл багтжээ. Дуучин цомгийнхоо талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлж, хамтран ажилласан уран бүтээлчид болон мэргэжлийн багийнхандаа талархал илэрхийлсэн байна.
Анхны цомгоо R&B урсгалаар бүтээжээ
Б.Замбалгарав өөрийн дуртай хөгжмийн чиглэлээр ижил хүсэл зорилготой уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, анхны цомгоо гаргаснаа онцолжээ.
Тэрбээр цахим хуудсандаа “R&B урсгалд дуртай, хайртай, хүсэл зорилго нэгт, эрхэм найзуудтайгаа хамтран хийсэн бие даасан эхний цомог маань албан ёсоор хөгжмийн дэлгүүрүүдэд орлоо” хэмээн бичсэн байна.
Цомгийн бүтээлд олон уран бүтээлч хамтран ажилласан байна
“Цаг хугацаа” цомгийн ерөнхий продюсерээр Б.Энхзориг ажилласан бол дууны шүлгүүдийг Б.Галмандах, реппер Б.Батцэнгэл буюу Quiza, Dnk нар бичжээ.

Харин дуу бичлэгийг “Cleff Records”-ийн Одмандах хариуцаж, гитарын хэсгийг Болдоо тоглосон байна. Цомгийн дууны тохиргоог “HYPE Records”-ийн Tuana хийсэн бол гэрэл зураг, дизайны ажлыг “March Nine Media” гүйцэтгэжээ.
Дуучин Б.Замбалгарав анхны бие даасан цомгийг нь бүтээхэд оролцсон бүх хүнд талархал илэрхийлж, уран бүтээлд нь сэтгэл зүрхээ зориулан хамтран ажилласныг онцолсон байна.
Ийнхүү түүний найман дуу бүхий “Цаг хугацаа” цомгийг Spotify, Apple Music зэрэг хөгжмийн платформоор сонсох боломжтой болжээ.
