Турк улсын Стамбул хотод зохион байгуулагдаж буй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын тамирчин П.Бат-Амгалан алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Арваннэгдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээний эрэгтэйчүүдийн 59 кг-ын жингийн хэвтээ шахалтын төрөлд П.Бат-Амгалан цээжнээс 210 кг шахсан амжилтаар дэлхийн аварга болсон байна. Түүний өргөсөн энэхүү жин нь тус төрлийн дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн үзүүлэлт болжээ.
Монголын тамирчид дахин хоёр хүрэл медаль хүртэв
Эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд өрсөлдсөн Монголын өөр нэг тамирчин Э.Нанзаддорж мөн амжилттай оролцож, хүрэл медалийн эзэн болсон байна.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн суултын төрөлд Х.Цолмонгоо 215 кг-ын амжилт үзүүлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
Ийнхүү тэмцээний эхний өдөр Монголын тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж, П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байна. Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл Стамбул хотод үргэлжилнэ.
