Брюс Уиллисын гэр бүл жүжигчний асаргаа сувилгаанд сар бүр 30 мянга гаруй ам.доллар зарцуулдаг байна. Даатгалын компани зардлын ихэнхийг нөхөн төлдөггүй тул эмчилгээ, асаргааны зардлыг Уиллисын хувийн хуримтлалаас гаргаж байгаа гэж Daily Mail мэдээлжээ. Жүжигчний хөрөнгийг ойролцоогоор 250 сая ам.доллар гэж үнэлдэг байна.
Уиллисийг ганцаардсан мэт мэдрүүлэхгүйн тулд эхнэр Эмма Хеминг нь гэр бүл, ойр дотнын хүмүүстэй нь тогтмол уулзуулдаг аж. Харин жүжигчнийг карьераа дуусгаснаас хойш Холливудын найзууд нь түүн дээр ирэхээ больсон гэж мэдээлжээ.
Өвчний улмаас “Die Hard” киноны одын сонирхол, өдөр тутмын амьдрал ч өөрчлөгдсөн байна. Одоо түүний хамгийн их баярладаг зүйлс нь автомашинаар зугаалах, зайрмаг идэх болон Нил Даймондын дууг сонсох болжээ. Тус дуучны хөгжим Уиллисын биеийн байдлыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлдэг гэж мэдээлсэн байна.
24 цагийн мэргэжлийн асаргаанд байдаг
Брюс Уиллис 2022 онд эрүүл мэндийн шалтгаанаар жүжигчний карьераа дуусгасан юм. Жилийн дараа гэр бүлийнхэн нь түүнд фронтотемпораль деменци гэсэн онош тавьсныг мэдэгдсэн. Одоогоор энэ өвчнийг бүрэн эмчлэх арга байхгүй байна.
Өнгөрсөн жил өвчин нь даамжирсантай холбоотойгоор гэр бүлийнхэн нь Уиллисийг өөр байшинд нүүлгэн байрлуулахаар шийджээ. Тэнд жүжигчин мэргэжлийн асрагчдын 24 цагийн хяналт, асаргаанд байдаг байна.
