Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг “Бүх оддын тоглолт” өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Тус тоглолт M Bank Arena-д 17:00 цагаас эхлэх бөгөөд спортын болон урлагийн ертөнцийн хамгийн тод одод нэгэн дор цуглах юм.
Энэ жилийн тэмцээнийг Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээний хүчтэнүүд болох Улсын арслан Б.Орхонбаяр болон Улсын арслан Э.Батмагнай нар ахлахаар болжээ. Тэдний удирдлага дор нийгмийн төрөл бүрийн салбарын нэр хүндтэй эрхмүүд хоёр багт хуваагдан, сагсан бөмбөгийн ур чадвараараа өрсөлдөхөөр зэхэж байна.
Тоглолтод оролцох онцлох зочид:
- Урлаг, соёлын төлөөлөл: МУГЖ П.Эрдэнэзаан, жүжигчин Х.Цасчихэр, Э.Мөнхтөр болон Youtuber Б.Түшиг.
- Үндэсний бөх: Улсын харцага Б.Зоригтбаатар, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож.
- Дэлхийн спортын одод: Паралимпын алтан медальт У.Сүрэнжав, МУГТ Б.Энх-Оргил болон жүдоч А.Адъяасүрэн.
- Оюун ухаан, урлан бүтээгчид: Шатрын их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, МУСГЗ С.Цогтбаяр болон Гавж Д.Нямсамбуу.
Тэмцээн зохион байгуулагдах M Bank Arena-гийн хаалга үзэгчдэд нээлттэй бөгөөд үдшийн 17:00 цагаас эхлэх шоуг алдалгүй үзэхийг урьж байна. Олон салбарын одод нэг дор цугласан энэхүү тоглолт нь сагсан бөмбөгийн спортын шинэ өнгө төрхийг харуулах болно.
